Мексикийн Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчид илгээсэн захидлаа танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-23 14:15:50
twitter.com/Nyamkanmk
МЕКСИК ХОТ. /АР/. Өнгөрсөн 12 дугаар сард Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон  Андре Мануэлл Лопез Обрадор улсынхаа эдийн засаг, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөгөө танилцуулахаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп руу долоон хуудас бүхий захидал илгээсэн байна. Тэрбээр ням гарагт энэ захидлаа олон нийтэд танилцуулжээ.

Тэрбээр уг захидалдаа, “олон өөрчлөлт гарах болно. Хилийн аюулгүй байдал, цагаачлал зэрэг асуудалтай хамтран тэмцэх хэлэлцээр байгуулна” гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан байна.

Мөн тэрбээр, улсын сангаас хөрөнгө оруулалттай хөгжлийн төлөвлөгөөний төсөл батлах, Төв Америкийн орнуудыг уг төлөвлөгөөнд нэгдэхийг уриалах саналыг захидалдаа тусгажээ. Ингэснээр АНУ-ыг чиглэсэн цагаачдын шилжилт хөдөлгөөн буурна гэж тэрбээр үзэж байгаа ажээ.

Мексикийн Гадаад хэргийн сайдаар томилогдох гэж байгаа Марсело Ебрэдд уг захидлыг Лопез Обрадорын намын төв байрны гадаа цугласан олон нийт, сэтгүүлчдэд уншиж танилцуулсан байна. Мөн тэрбээр уг захидлыг Ерөнхийлөгч Д.Трамп хүлээн авсан гэж мэдэгдэв.

Мексикийн Ерөнхийлөгч Лопез Обрадор Засгийн газар болон бусад байгууллагуудын цалинг танаж, танасан мөнгийг нийгмийн хөтөлбөр болон дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн тэрбээр хөрөнгө оруулалт болон ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хувийн компаниудад ноогдуулах татварыг бууруулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын албан тушаалд цаашид ажиллах хүмүүсийн зарим нь зургаан жилийн хугацаандаа цалингүй ажиллах санал тавьсан гэдгийг тэрбээр мэдэгдэлдээ дурдлаа. Түүний нэр дэвшүүлээд байгаа Засгийн газрын хэд хэдэн гишүүн нэлээд чинээлэг хүмүүс байгаа аж.

“Засгийн газрын сайдаас эхлүүлээд цагдаагийн офицер хүртэлх албан тушаалтнуудын цалингийн хэмжээг удахгүй танилцуулна. Үүний зэрэгцээ манай “Морена” нам Конгресст нэмж суудал авснаар ирэх жил улсаас нэмэлт санхүүжилт авах ёстойг болиулна” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ