Энэ сарын онцлох 4 үйл ажиллагаа

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-08-01 16:12:11

ДАНШИГ НААДАМ – Хүрээ цам 2018

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоон худагт 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэхүү наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол Түмний шашны тэргүүн, анхдугаар богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй шашин соёлын томоохон арга хэмжээ юм.   

Тус наадмын гол хэсэг болох Хүрээ цам нь  Монголын ард түмний үндэсний урлаг соёлын салшгүй  томоохон хэсэг болж хэдэн зуун жилийн туршид өвлөгдөн ирсэн байдаг. Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжсөн. Хүрээ цамд Очирваань бурханы дүр, уран хошин, инээдэмт арш Цагаан өвгөн болон Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардгаараа онцлогтой.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Даншиг наадам бол агуулга, үр өгөөжийн хувьд ач холбогдол өндөр, томоохон арга хэмжээ юм. Бид энэхүү наадмыг нэг жилийн өмнөөс дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж эхэлсэн. Аливаа нэг аялал жуулчлалын арга хэмжээг олон жил зохион байгуулж, сурталчилж байж үр дүнд хүрдэг, дэлхий дахинд танигддаг, жуулчдыг татдаг. Энэ утгаараа бид Даншиг наадмыг жил бүрийн 8 дугаар сарын эхний амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд манай улсыг 471 мянган жуулчин зорин ирсэн гэсэн тоо баримт байна. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхий дахинд таниулах томоохон арга хэмжээ юм” гэлээ.



Монголчуудын уламжлалт түүх, шашин шүтлэгийн зан үйл, соёл урлагийг нэгэн дээвэр дор эвийн журмаар зангидаж, дархалж чадсан нь “бидний бахархал, хийгээд үнэт зүйлс” байдаг.

Даншигаар эрийн гурван наадмын нэг болох бөхийн барилдаан, урлагийн тог­лолт, Монголд үйлд­вэрлэгчдийн төрөлжсөн үзэсгэлэн худалдаа зэргийг бурхан урлал, түүнчлэн балин хийх, ном хурах, ном хаялцах зэрэг шашны зан заншилтай холбож  үзүүлдэг. Бат оршил, бат орших  гэдэг үгийнхээ утгаас өгсүүлээд  ард түмнийхээ  сайн сайхны төлөө ном хурж мандал өргөсөн, монголчуудыг даасан их сахиус Очирваанийг залсан зэрэг өргөн олныг хамруулж зан заншлаа сэргээснээр өөрсдийн улс орны үнэт зүйлсийг дээдэлж, тусгаар орших бэлгэдэл, өв уламжлалаа сэргээснээрээ онцлогтой болдог билээ.

Үүнээс гадна тус арга хэмжээний 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

ИНТРО Улаанбаатар хөгжмийн наадам

Герман, Франц, Литв, Япон, Солонгос, Хятад болон Монгол гэсэн долоон орны DJ нар өөрсдийнхөө хөгжим болон хэмнэлээр аялуулах “ИНТРО” олон улсын электроник хөгжмийн наадам наймдугаар сарын 4-нд Монгол шилтгээнд болно.

Электроник хөгжим сонирхогч залууст зориулан “The Majesty Mongolia”, “Beijing Mai Ai Culture Communication Co.”, Ltd. хамтран Монголд анх удаа олон улсын электроник хөгжмийн наадам зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.



Уг Интро хөгжмийн наадам нь 2009 онд анх Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад найман жил тасралтгүй амжилттай зохион байгуулагдсан Хятадын хамгийн амжилттай Олон улсын электроник хөгжмийн наадам болж өргөн хүрээг хамрах болсон байдаг.

Энэ жилийн Интро Улаанбаатар хөгжмийн наадамд Германы Bloody Mary, Японы Sodeyama, БНСУ-ын Soolee, Францын Ouissam, Хятадын Mickey Zhang, Wengweng, Mickey Zhang, Литвийн Jon, Mantas T зэрэг DJ нар оролцохоос гадна Монголоос Билгүүдэй, TMk, Henza зэрэг 20 гаруй уран бүтээлчид оролцох ажээ.

НҮҮДЭЛЧИН МОНГОЛ

Наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадам зохион байгуулагдахаар болжээ.

Уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид  оролцож өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.

“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн эх хэл болон аман уламжлалын урлагийн төрлийг өвлөн уламжлагч аймаг, нийслэлийн ардын авьяастнууд төв тайзан дээр болон өөрийн аймаг, дүүргийн “Отог” дээр  ардын урлагийн тоглолтоо наадамчин олонд 5 өдрийн турш толилуулахаар болжээ. Мөн иргэд, сонирхогчдын дунд эх хэл, аман уламжлалын илэрхийлэл төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулахаар зохион байгуулагч талаас төлөвлөөд байна.



БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж буй уг наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах гол зорилготой юм. 

Эх хэл болон аман уламжлалд дараах урлагийн төрлүүд багтдаг. Үүнд:

Аялгуут аман уламжлалын урлаг: 
Тууль хайлах
Уриа дуудлага (ан агнуур, мал аж ахуйн холбогдолтой)
Гийнгоо
Уухай
Ерөөл
Магтаал
Цол дуудах

Жүжиг наадмын аман уламжлалын урлаг: 
Дайралцаа үг
Жороо үг
Зугаа үг
Түргэн хэллэг
Тоглоом наадгайн үг
Айтыс

ХӨСӨГТӨН БА ХЭЭНЦЭР АЯЛГА

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Япон улсын Энка дууны алдарт дуучин Yashiro Aki, дэлхийн дайдад Монголынхоо нэрийг хөөмийн хархираа, хуурынхаа хос чавхдасаар тамгалж яваа ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлагийн хамтарсан "Хөсөгтөн ба хээнцэр хаялга" хэмээх тоглолт болно.

Хөсөгтөн хамтлаг нь олон жил дэлхий даяар аялан тоглолт хийж, BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулсаар ирсэн гэдгийг уншигчид андахгүй. "Хөсөгтөн" хамтлагийг 2015 онд “Asia’s Got Talent” шоунд оролцсоноос хойш бүх монголчууд сайн мэддэг болсон төдийгүй дэлхийн олон оронд тэднийг хүндлэн сонсох сонсогчдын тоо эрс нэмэгдэж байв.



Наймдугаар сарын 4-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болох уг тоглолтонд Японд хит болоод буй "Жамаас" тэргүүтэй шилдэг бүтээлүүд дуулагдах юм. Энэхүү тоглолт нь Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн зохион байгуулж байгаа урлаг соёлын хамтарсан арга хэмжээ бөгөөд хоёр улсын харилцаанд эерэгээр нөлөөлөх давуу талтай.
 
Б.Алтанхуяг
 

Холбоотой мэдээ