Алмааз шиг хатуу эрдэс бодис илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-08-02 16:46:50
МОСКВА. /Синьхуа/. Сибириэс олдсон солирын чулуулгаас алмааз шиг хатуу шинэ төрлийн эрдэс бодис илрүүлсэн гэж ОХУ-ын эрдэмтэд мэдээлэв.

2016 онд Сибириэс олсон солирын чулуулгийг тухайн үеэс эхлэн судлан шинжилсээр байсан юм байна. Уралын улсын их сургууль, Новосибирскийн улсын их сургууль болон Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран солирын чулуулгийн доторх гадаргууг судалсны дүнд шинэ төрлийн уг эрдэс бодисыг илрүүлсэн ажээ. Тэд үүнийгээ “Уакитите” гэж нэрлэсэн байна.

Энэхүү эрдэс бодис нь шоо хэлбэрийн талст юм уу мөлгөр дугуй үрлийг бүрдүүлдэг байна. “Уакитите” бодисын үрлийн хэмжээ нь ихэвчлэн 5 микрометрээс бага байдаг ажээ.

“Солирын чулуулгаас шинэ эрдэс бодис илрүүлэх нь түгээмэл үзэгдэл боловч тэдгээр шинэ чулуулаг болон эрдэс бодисууд нь сансар огторгуйд бүрэлддэг учир дэлхийгээс олох боломжгүй байдаг” гэж ОХУ-ын шинжлэх ухааны академийн одон орон судлалын хүрээлэнгийн захирал Борис Шустов мэдэгдсэн байна.

Уг биетийн хэмжээ нь маш жижиг учраас физик шинж чанарыг нь үнэлэхэд хэцүү байгаа бөгөөд “Уакитите” бодисыг шар болон тунгалаг үетэй, металл шиг гялалздаг хийгээд алмааз шиг хатуу хэмээн таамаглаж байгаа ажээ.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ