ЭХЭМҮТ-ийн эмч нар хараагүй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2018-08-03 19:35:25
NandiaMontsame
Улаанбаатар/МОНЦАМЭ/ ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг 30 жилийнхээ ойг тохиолдуулан залуу эмч нарынхаа санаачлагаар “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн аян өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийлээ.

Тодруулбал тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн эхо оношлогоо, дотор, зүрх судас, ясны сийрэгжилт, сэргээн засахын нарийн мэргэжлийн 10 эмч өнөөдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/-ны байранд 50 гаруй хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзлэг хийж, аяныг дэмжигч “Денк Фарм” компани эмчийн заавраар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цус шингэлэх, артерийн даралт буулгах, ходоодны үйл ажиллагааг сайжруулах зэрэг шаардлагатай эм бэлдмэлээр хангасан юм.


“Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн аяныг энэ жил анх удаа зохион байгуулж буй бөгөөд эхний ээлжинд тэр бүр эмнэлэгт очиж үзүүлэх боломжгүй, хөдөлгөөн хязгаарлагдмал хараагүй иргэдэд хүрч үйлчлэхийг зорьсон тухайгаа ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Ш.Алтантуяа онцоллоо.



Тэрбээр “Манай эмнэлэг 30 жилийнхээ ойн хүрээнд хэд хэдэн сайн үйлсийн аян зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний нэг нь өнөөдрийн “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн аян юм. Бид эхний ээлжинд гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хүссэн үедээ очоод авч чаддаггүй, хөтчөөс хамааралтай, хараагүй иргэдэд хүрч үйлчлэхийг зорилоо. Одоогийн байдлаар 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эмчийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгч, шаардлагатай эм бэлдмэлээр хангаад байна. Хараагүй иргэдийн дунд ясны сийрэгжилт, хөдөлгөөний дутагдал, цусны даралт, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хоргүй хавдар түгээмэл ажиглагдаж байгаа учир бид шаардлагатай хүмүүсийг ЭХЭМҮТ дээр үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. Цаашид “Сэтгэлийн гэгээ”аяныг уламжлал болгон зохион байгуулж, санаа тавих зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж буй бүсгүйчүүд, эмзэг бүлгийн иргэдийг хамруулан үргэлжлүүлэх болно” хэмээв.




МХҮХ-ны Нөхөн сэргээх сургалтын төвийн захирал Ч.Дэлгэрмаа “Манайд гадаадын олон эмч ирж үзлэг оношлогоо хийдэг. Энэ удаад монгол эмч нар тэр дундаа гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нар хөтчөөс хараат биднийг зорин ирж, үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаад маш их талархаж байна. Хөдөлгөөн хязгаарлагдмал учир хараагүйчүүд хөдөлгөөний дутагдалд орох, яс сийрэгжих зэрэг олон хүндрэл бэрхшээл тулгардаг. Тиймээс бидэнд сургалтад хамрагдаж, эмчээс зөвлөгөө авах шаардлага их бий. Манай эмнэлгүүд угтах үйлчилгээ нэвтрүүлж, цаг олголтоо хялбаршуулж бидэнд улам ойртоосой гэж хүсэж байна” хэмээн ярилаа.

МХҮХ-оос “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн аян өрнүүлэн, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийсэн ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нарт талархал илэрхийлэн урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.


Ж.Болор
Холбоотой мэдээ