Түүхий эдийн бус барааны экспортын хэмжээ нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-08-09 09:26:43
МОСКВА. /ТАСС/. Оросын түүхий эдийн бус болон эрчим хүчний эх үүсвэр бус барааны экспортын хэмжээ 2018 оны оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 23%-иар нэмэгдсэн тухай “Известия” сонин Оросын экспортын төвийн мэдээ баримтаас иш татан мэдээлэв.
 
Оросын экспортын төвийн тэргүүн Андрей Слепневийн мэдээлснээр, энэ оны 1-6 дугаар сард түүхий эдийн бус экспорт 70 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 33%-ийг бүрдүүлсэн байна. “Экспортын барааны нэр төрөл ч нэмэгдсэн. Оросын барааны эрэлт Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Зүүн Ази, Баруун ба Зүүн Европ, Ойрхи Дорнодын орнуудад нэмэгдсэн ба нийлүүлэлт 10,5% - 23% хүртэл өссөн” гэж тэрбээр тэмдэглэжээ.
 
Өмнө нь Андрей Слепнев ТАСС агентлагийн сурвалжлагчид өгсөн яриллагадаа “2018 онд эрчим хүчний эх сурвалж бус экспортын хэмжээ 15%-иар өсч, 153 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа. Экспортын хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлөх бараануудын тоонд төрөл бүрийн металл, химийн бүтээгдэхүүн, бордоо, хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолбор, машины үйлдвэрлэл, ойн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд багтаж байна” гэж мэдэгдэж байв.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны тавдугаар сард гаргасан зарлигтаа 2024 он гэхэд түүхий эдийн бус болон эрчим хүчний эх үүсвэр бус барааны экспортын хэмжээг 250 тэрбум ам.долларт хүргэх үүргийг засгийн газартаа өгсөн ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ