Д.Адъяасүрэн:Дүүргийн боловсролын салбарт 22.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2018-08-14 12:37:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2018-2019 оны шинэ хичээлийн жилийн элсэлт үргэлжилж байна. Жил жилийн энэ үед хамгийн их асуудал дагуулдаг зүйл бол цэцэрлэгийн элсэлт юм. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн. 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон элсэлтийн талаар Сүхбаатар дүүргийн Боловролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэнтэй ярилцлаа.

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ жил сургууль, цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр элсэх вэ?

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 22 буюу нийт 47 сургуульд 35 мянга 928 суралцагч суралцаж байгаагаас төрийн өмчийн сургуульд 29 мянга 20 хүүхэд, төрийн бус өмчийн сургуульд 6908 хүүхэд суралцаж байна. Хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуулийн I ангид 3359 хүүхэд шинээр элсэнэ. Төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 32 нийт 65 цэцэрлэгт 2017-2018 оны хичээлийн жилд 12 мянга 356 хүүхэд СӨБ-д хамрагдсан ба дүүргийн хэмжээнд шинээр цэцэрлэгт элсэх 1833 хүүхэд, үргэлжлүүлэн суралцах 7659 хүүхэд бий. Цэцэрлэгийн цахим бүртгэлээр 33 цэцэрлэгийн 219 бүлэгт элсэлт авна. Үүнд хоёр настай 1374, гурван настай 118, дөрвөн настай 118, таван настай 223 хүүхэд шинээр элсэх юм.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна?

-Дүүргийн хэмжээнд зөвхөн 71 дүгээр сургуулийн 5 бүлэг гурван ээлжээр хичээллэж байна. 71 дүгээр сургуулийн өргөтгөл барихад 1.5 тэрбум төгрөгний санхүүжилт хийгдэхээр улсын төсөвт төсөвлөгдснөөс 800 сая төгрөгний санхүүжилт 2018 онд хийгдэнэ. Одоогоор хоёр айлын газар чөлөөлөөд байна. Дахин хоёр айлын газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа. Хамгийн гол нь иргэдтэйгээ тохиролцох. Энэ ондоо багтаад өргөтгөлийн ажил эхэлвэл 2019 онд ашиглалтанд орох бүрэн боломжтой. Ингэснээр Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүх сургууль хоёр ээлжинд шилжих юм.

-Энэ жил шинээр ашиглалтад орж буй төрийн өмчийн сургууль, цэцэрлэг бий юу?

-Түр татан буулгаад буй 24 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга 2019 онд ашиглалтад орно.

-Түр татан буугдсан цэцэрлэгийн хүүхдүүдийг хэрхэн тараан байршуулж байгаа вэ. 24 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийг хүлээн авч байгаа цэцэрлэгүүдийн багтаамж хангалттай юу?

-Сүхбаатар дүүрэгт энэ жил сургууль цэцэрлэгийн хувьд бага зэрэг ачаалалтай ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг 186 дугаар цэцэрлэгт шилжүүлснээр тус цэцэрлэгт хамрагдаж байсан 2 бүлгийн хүүхдүүдийг хорооны харъяа цэцэрлэгүүдэд тараан байршуулсан.  Эхний ээлжинд 24 дүгээр цэцэрлэгт хамрагдаж байсан зорилтот бүлгийн болон 5 настай хүүхдүүдийг тараан байршуулах ажлыг хийгээд байна.  

-Засгийн газраас 2020 он гэхэд бүх хүүхдийг сургуулийн өмнөх насны боловсролд хамруулах зорилт тавин ажиллаж байгаа. Сүхбаатар дүүргийн хувьд энэ зорилтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж болох уу?

-Манай дүүргийн хувьд боломжтой. Бүх хүүхдүүдийг хамруулсны дараа цаашдаа багш нарынхаа ачааллыг бууруулах зорилт тавина. Стандартаар нэг ангид 25 хүүхэд суралцах ёстой. Гэтэл одоо нэг ангид 40 хүүхэд авч байгаа. Энэ  тоог багасгах талаар төлөвлөсөн зүйл олон бий.

-Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажилтай танилцсан. Энэ үеэр тодорхой үүрэг, чиглэл өгсөн байх?

-Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс 51 дүгээр цэцэрлэгт ажилласан. Тус цэцэрлэг хичээлийн хоёр байртай. “А” байр нь өвөлдөө их хүйтэн байдаг. Тиймээс Дэлхийн банкны Цэвэр агаар төслийн хүрээнд 138 сая төгрөгийн санхүүжилтээр 15 см зузаан хөөсөнцөр дулаалга хийж байна. Одоогоор 70-80 хувийн гүйцэтгэлтэй. Энэ ажил бүрэн дууссанаар хүүхдүүд дулаахан, таатай орчинд суралцахаас гадна эдийн засагт ч хэмнэлттэй. Үүнээс гадна Сүхбаатар  дүүргийн боловсролын салбарт 2018-2019 онд улсын төсвийн 22.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийнэ. Үүнээс 2018 онд 10.5 тэрбумыг зарцуулах юм. Түүнчлэн 2 тэрбум 94 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийх 11 төсөл байгаагийн тавыг улсын төсвөөр, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хоёр, дүүргийн төсвийн хөрөнгөөр гурав, Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд нэг ажил тус тус хийгдэж байна.

-Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр иргэдээс санал, гомдол их ирдэг байх. Иргэд ямар гомдол, санал түлхүү ирүүлж байна вэ. Мөн иргэд юунд анхаарах шаардлагатай вэ?

-Иргэд tsetserleg.ulaanbaatar.mn цахим хуудсанд хандахдаа хүүхдээ хэрхэн бүртгүүлэх заавар зөвлөгөөтэй дэлгэрэнгүй танилцаагүйгээс асуудал үүсдэг юм. Цахим бүртгэл эхэлсэн эхний өдөр манай хэлтсийн утас завсаргүй дуудлага хүлээн авсан. Эцэг эхчүүд тухайн цэцэрлэг нь 60 хүүхэд авахаар бол хамгийн түрүүнд бүртгүүлсэн хүүхдүүдийг авна гэж ойлгоод байна. Энэ буруу. Бүх хүүхдийг бүртгэсний дараа санамсаргүй түүврийн аргаар цахим элсэлт явагдана. Нөгөөтэйгүүр шилжит хөдөлгөөний асуудал бий. Өөр дүүргээс манай дүүрэгт шилжин ирэхдээ хүүхдээ өмнө нь сурч байсан цэцэрлэгийн бүртгэлээс хасуулаагүйгээс үүдэн асуудал үүсдэг. Бүртгэл эхлээд олон хонож байгаа тул иргэдийн хандлага, ойлголт ерөнхийдөө жигдэрч байна. Хамран сургах тойргийн хувьд асуудал бий. Сонгинохайрхан дүүргээс хотын төвд ажилладаг хүн  ажилтайгаа ойрхон тул Сүхбаатар дүүргийн цэцэрлэгт хүүхдээ оруулахыг зорьдог. Гэтэл бид чинь хамран сургах тойргийн хүүхдээ авах ёстой. Эцэг эхчүүдэд үүнийг тайлбарлахаар биднийг хүнд суртал гаргалаа гэнэ. Энэ асуудлыг шийдсэн хамгийн зөв шийдэл бол цахим бүртгэл юм. Бидэнд ирэх ачааллыг бууруулснаас гадна иргэд цэцэрлэгийн гадна хонон өнжин дараалалд зогсдог байдлыг таслан зогсоосон.
Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжснээр зургаан настнууд нэгдүгээр ангид сурах болсон. Зургаан настангууд ээжийнхээ өврөөс гараагүй, цэцэрлэгт цагийн хуваарийн дагуу хооллох, тоглох, унтах гээд сурчихсан тул эхний хэдэн сар хүндрэлтэй байдаг. Гэхдээ зургаан нас бол хүүхдийн хамгийн их сурах, шинийг хүлээн авах чадамжтай мөчлөг хэмээн шинжлэх ухаанаар тогтоосон. Тиймээс нийслэлд бол зургаан настнуудыг сургуульд хамруулах нь зөв. Харин хөдөө, орон нутагт хүндэлтэй асуудал гардаг байх.

-2018 оноос өмнө Сүхбаатар дүүргийн боловсролын салбарт өрнөсөн бүтээн байгуулалтын талаар танилцуулбал?

-Сүхбаатар дүүргийн хувьд боловсролын салбартаа хамгийн их анхаардаг. Тиймээс ч боловсролд ээлтэй дүүрэг гэж ярьдаг. Тухайлбал, орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс 2013 онд 1.4 тэрбум, 2014 онд 3.1 тэрбум, 2015 онд 3.9 тэрбум, 2016 онд 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт оруулсан юм. Уг хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас сургуулиудад эрэгтэй, эмэгтэй технологийн хичээлийн тоног, төхөөрөмж байршуулсан, 55 төсөл арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, хамгийн сүүлд гэхэд ЗДТГ-аас 6 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн шалгалтын материал хариу засч,  боловсруулалт хийдэг Remark Office OMR маркийн автомат программ, скайнерыг Фючерскүүл Монголиа ХКК–иас  худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн зэргээс эхлээд бүгдийг тоочвол маш их зүйл бий.

-Дүүргийн боловсролын хэлтсээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Боловсролын хэлтэс тавхан мэргэжилтэнтэй. Надтай нийлээд зургаа болно. Гэтэл Сүхбаатар дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 113 нэгж байгууллага байгаа. Энэ бүгдэд хүрч ажиллана гэдэг хэцүү ч аль болох бүх ажлаа амжуулахын төлөө хичээж байна. Зарим үед сургууль, цэцэрлэгийн ажилтнуудыг ч дайчилдаг. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг бол бидний анхаарлын гол цөм. Дүүргийн хэмжээнд бага боловсролд 19 мянган хүүхэд суралцаж байгаагаас 15 мянга нь төрийн өмчит сургуульд суралцдаг. Үлдсэн 4000 мянга нь хувийн сургуульд. Тэгэхээр 15 мянган хүүхэд рүү түлхүү анхаарч, олонх руугаа төвлөрдөг.

-Боловсролын хэлтсийн ажилтнуудын тоог нэмэх боломж байдаг юм болов уу?

-Энэ асуудлыг олон жил ярьж байгаа. 2018-2019 оны хичээлийн жилд уг асуудлыг нааштай шийдээсэй гэж хүсч байна. Хэрэв орон тоо нэмбэл ажлын эрч хүч, далайц нэмэгдэнэ.

-Өнгөрсөн жилээс сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэлт тавьж байгаа. Энэ ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Өнгөрсөн жил багагүй хувийг нь агаар цэвэршүүлэгчээр хангасан. Дээр дүүргийн төсвийн 258 сая төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байгаа талаар дурьдсан. Энэ хөрөнгөнөөс төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээ агаар цэвэршүүлэгчээр хангах юм. Агаар цэвэршүүлэгчээ худалдаж аваад, бэлдээд тавьчихсан. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа тарааж өгнө.
Д.Болор-Эрдэнэ
Холбоотой мэдээ