Н.Баяртсайхан: Эдийн засагт тоон болон чанарын олон эерэг өөрчлөлт гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunzaya@montsame.mn
2018-08-21 14:33:32
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнгөрсөн жил Монголбанкны бодлого эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулахад чиглэж байсан бол 2018 оны хувьд цаашид эдийн засаг тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэж байна. Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар хөндөж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

-Цаг хугацааны хувьд 2018 он дундаасаа өнгөрч хоёр дахь хагастаа орчихлоо. Энэ онд гарсан эдийн засгийн гол гол өөрчлөлт, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх сэдвээр ярилцлагаа эхэлцгээе.

-2018 оны хувьд төсөв, санхүүгийн сектор, бодит эдийн засагт тоон болон чанарын  олон эерэг өөрчлөлт ажиглагдсан жил болж байна. Чингис, Дим сам бондын өр төлбөрийг нэгэнт шийдвэрлэсэн, Монгол Улсыг “саарал жагсаалт”-д орох эрсдлээс сэргийлэх нэмэлт 12 сарын хугацаа өгсөн тул энэ онд тулгамдаад байсан гол гол эрсдлээс холдож чадлаа. Эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгааг гадаад худалдааны эргэлт нэг жилийн хугацаанд 30 шахам хувиар өссөн, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бизнесийн зээл олголт нэмэгдэж байгаа, татварын орлого сайжирч төсвийн орлого 20 хувиар өссөн, уул уурхайн бус салбарын өсөлт болон хөдөлмөрийн зах зээл дээрх шилжилт хөдөлгөөн идэвхжисэн зэргээс харж болох юм. Хэдийгээр нийлүүлэлтийн шалтгаанаар ерөнхий инфляци түр зуур нэмэгдэж байгаа ч дунд хугацааны төлөв нь Төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төсөөлөлтэй тул мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих боломжийг олгож байна. Хэрэв хүнсний ногоо, татварын нөлөө, хатуу түлш зэрэг нэг удаагийн шинж чанартай нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөөг хасвал үнийн өсөлт 4-5 хувь орчимд байна. Мөн энэ оны нэг онцлох зүйл бол банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх олон ажил хуваарийн дагуу амжилттай өрнөж байгаа явдал юм. Харин сорилт гэвэл, сүүлийн саруудад олон улсад өрнөсөн протекционист бодлого, том гүрнүүдийн хооронд өрнөж буй худалдааны дайнтай холбоотой тодорхой бус байдлаас үүдэлтэйгээр дэлхийн зах зээлд металлын үнэ буурч эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулах эрсдэлтэй. Энэ нь бидэнд эдийн засгийн сэргэлтийг тогтвортой байлгах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдээ түргэвчлэх хэрэгтэйг анхааруулж байна.

- Сүүлийн 20 гаруй сарын хугацаанд уул уурхайн салбарт бий болсон таатай нөхцөл байдлыг голчлон хөндлөө. Харин уул уурхайн бус салбар ямархуу дүр төрхтэй байна вэ?

-Mакро орчин тогтворжиж, бизнесийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай болсноор уул уурхайн бус секторт ч сэргэлт ажиглагдсан. Өсөлтийг санхүүжүүлж байгаа гол эх үүсвэр нь үндсэндээ экспортын орлого, банкны зээл олголт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 3 сувгаар эдийн засагт маань шингэж байна. Тухайлбал, экспортыг аваад үзвэл жилийн дотор орлого 15 хувиар өсч, эхний хагас жилийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 2/3 нь нүүрс болон зэсийн баяжмал байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дэлхийн зах зээл дээрх үнэ 15-20 хувь өсөлттэй байсан нь ийнхүү нөлөөллөө. Банкны салбарын хувьд, эхний хагас жилийн байдлаар 4.6 их наяд төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон нь бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн чухал хүчин зүйл болов. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бизнесийн зориулалттай зээл олголт бараг 40 гаруй хувь өссөнөөс гадна, зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн саруудад буурах хандлагатай боллоо. Энэ нь мөнгөний бодлогын хүүг шат дараатай бууруулсны нөлөө аажмаар илэрч, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн илүү таатай нөхцөл байдал бий болж эхэлсний илрэл гэж үзэж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд, 6-р сарын эцсийн байдлаар Монгол улсад 820 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний дийлэнх нь Оюу толгойн далд уурхайтай холбоотой бөгөөд 2018 онд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилээс 50% орчим нэмэгдсэн байгаа. Тэгэхээр, санхүүгийн эдгээр эх үүсвэр нь дотоод эдийн засагт шингэхдээ хувийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байна. Улмаар худалдааны салбар, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр болон барилгын салбарын үйл ажиллагааны идэвхжилд  шууд нөлөөллөө. Харин өнгөрсөн онд ган болж, залгаад зуд нүүрлэснээс 2 сая гаруй мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарын өсөлт бага байв. Хөдөлмөрийн зах зээл дээр хэдийгээр ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр байгаа боловч, дотроо бүтцийн шинж чанартай өөрчлөлт ажиглагдаж, эдийн засгийн идэвхгүй хүн амаас эдийн засгийн идэвхтэй хүн ам руу шилжилт гарахаас гадна, хөдөө аж ахуйн салбараас бүтээмж өндөртэй салбарууд руу шилжилт явагдаж байгаа нь эерэг өөрчлөлт юм.  

-Ядуурлын түвшин өндөр, чанаргүй зээлийн хэмжээ их, салбаруудын өсөлт жигд бус байгаа зэргээс харахад эдийн засаг үнэхээр сайжраад байгаад эргэлзэх хүн ч байна. Инфляци өсч, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна шүү дээ?

-Эдийн засагт 6 хувийн өсөлт бий болонгуут бүх зүйл шууд сайхан болно гэж ойлгох нь учир дутагдалтай. Макро орчин дөнгөж тогтворжин, сэргэлт ажиглагдаж эхлээд тийм ч удаагүй байгааг мартаж болохгүй. Эдийн засаг өөрөө итгэл дээр тогтдог үзэгдэл. Ялангуяа манайх шиг эмзэг бүтэцтэй эдийн засгийн хувьд унахдаа хурдан боловч, сэргээн босгож ирэхэд багагүй цаг хугацаа, олон хүний уйгагүй хүч хөдөлмөр шаарддаг. Өнгөрсөн хугацаанд зөвхөн уналтыг зогсоож, тулгамдаад байсан гадаад өр төлбөрүүдийг шийдвэрлэж, эдийн засгийг тогтворжуулахын тулд Монголбанк болон Сангийн яаман дээр бодлогын цогц арга хэмжээ авч, хууль эрх зүйн реформууд, олон улсын байгууллагууд болон донор орнуудын дэмжлэг туслалцаа шаардлагатай болсон.

Энэ явцад ипотекийн зээлийн санхүүжилт, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, банкны салбарын бүтцийн өөрчлөлт гээд амаргүй шийдвэрүүд гаргахад хүрч, сорилт, шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарах үе ч гарсан. Тодорхой цаг хугацаа ч орсон. Одоо харин “Эдийн засагт бий болж буй эерэг өөрчлөлтүүдийг аль болох олон айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх микро түвшний хүртээмжтэй өсөлт болгохын тулд хэрхэх вэ?” гэдэг асуулт зүй ёсоор гарч байна. Энэ нь бас л нэг өдрийн дотор шийдэгдэх хялбар зүйл биш юм. Бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэж шинэ шинэ, ажлын байр бий болж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт сайжран чанаргүй зээлүүд эргэж төлөгдөн, цалин орлого нэмэгдэж ядуурал бууртал тодорхой хугацаа орно. Мөн ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулахад бага орлоготой иргэдийн орлогыг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого, орлогын дахин хуваарилалтын бодлого маш чухал. Энд онцлох хэрэгтэй нэг зүйл бол, макро бодлогууд эдийн засгийн ерөнхий орчныг аль болох тогтвортой байлгахад чиглэдгийг анхаарах хэрэгтэй. Харин микро түвшинд, хувь хүний хувьд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг байдаг. Эдийн засаг яаж ч өндөр өссөн хүн өөрөө хичээхгүй, хөдөлмөрлөхгүй бол үүссэн таатай боломжийг ашиглаж чадахгүй, амьдрал амьжиргаа нь дээшлэх аргагүй шүү дээ. Иймд макро орчны тогтвортой байдал, хувь хүний хичээл зүтгэл нийлж байж улс оронд хүртээмжтэй өсөлт бий болж, нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх үндэс болно.

-Одоо эдийн засгийн цаашдын төлөвийн талаар ярилцъя. Гадаад орчинд өрнөж буй үйл явдлууд түүхий эдийн зах зээл, санхүүгийн сувгаар дамжаад Монголд хүчтэй нөлөөлдөг. Одоо дэлхийн эдийн засаг ямархуу байна вэ, цаашид БНХАУ болон АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн хэрхэн нөлөөлөх бол?

-Оны эхний хагас жилд дэлхийн эдийн засгийн гүйцэтгэл боломжийн сайн байсан бөгөөд, протекционист бодлогын нөлөө шууд тусгалаа олоогүй гэхэд болно. Тухайлбал, 2-р улиралд Америкийн эдийн засгийн өсөлт 4 хувь давсан нь сүүлийн 4 жилийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Хятадын эдийн засгийн идэвхжил 1-р улиралтай харьцуулахад бага зэрэг саарсан хэдий ч 6.7 хувь өснө гэдэг нэлээд өндөр үзүүлэлт. Японд компаниудын ашиг түүхэн дээд түвшиндээ, ажилгүйдлийн түвшин 2 хувь буюу бараг бүрэн ажил эрхлэлттэй, дэлхийн 2-р дайнаас хойшхи түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн эдийн засгийн сэргэлтийн мөчлөг дээрээ явж байна. Евро бүсэд харин өсөлт 2.1 хувь болж өмнөх улирлаас бага зэрэг буурсан ч эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нь сайн байгаа. Мөн Энэтхэгийн эдийн засгийн өсөлт эрчимжиж 6.3 хувьд хүрсэн.

Ерөнхийдөө дэлхийн хамгийн том эдийн засгуудад хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайжирч, цалингийн өсөлтийг дагаад эрэлт нэмэгдэж, хямралыг ардаа орхилоо. Иймд АНУ болон Европын төв банкууд мөнгөний бодлогын хэвийн горим руу орох алгуур шилжилтээ үргэлжлүүлж байна. Хэдийгээр сүүлийн саруудад глобал эрсдэлүүд өсөлтийг сааруулах талдаа хэлбийсэн ч, хөгжсөн орнуудад хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн итгэл өндөр хэвээр байгаа нь сайн хэрэг. Яг одоогоор харилцан тариф тогтоосон барааны дүн олон улсын худалдааны хэмжээ, дэлхийн нийт эдийн засагтай харьцуулахад бага учир судалгааны байгууллагуудаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг албан ёсоор бууруулсан зүйл ажиглагдахгүй байна. $50 тэрбум, $200 тэрбум зэрэг тариф ногдох барааны дүн өндөр боловч, дэлхийн эдийн засгийн хэмжээ өөрөө 80 их наяд ам.доллар, зөвхөн барааны худалдаа гэхэд 15 их наяд ам.доллар шүү дээ. Гэхдээ худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал нь хөгжиж буй зарим орны үйлдвэрлэл болон экспортын идэвхжил, хувьцааны үнэ, хөрөнгийн гарах урсгал, ханш, металлын үнэд нөлөө нь мэдрэгдэж эхэлж байна. Туркт өрнөж байгаа зүйлс ч хөгжиж буй бусад орон, түүхий эдийн зах дээр чичиргээ үүсгэлээ. Эдгээр нь түр зуурынх байх уу, эсвэл ингээд цааш үргэлжлэх үү, зах зээл дээрх итгэлд хэр их сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгээс их зүйл хамаарна.

-Энэ үед эдийн засгийн цаашдын төлөвт дотоодын эдийн засгийн бодлого чухал нөлөөтэй. Монголбанк ямар бодлого баримтлах вэ?

-Монгол улсын хувьд түүхий эдийн уналтын дараагийн цикл болон 2020 оноос гадаад өр төлбөрүүд нэхэгдэж эхлэхээс өмнө эдийн засгаа хөл дээр нь бүрэн босгож ирэх, дархлааг нь бэхжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд макро эдийн засгийн тогтвортой орчин,  санхүүгийн зуучлал өрнөх нөхцөлийг бүрдүүлэхийг Монголбанк зорин ажиллаж байна. Ингэснээр иргэдийн амьжиргааг хамгаалах,  цаашдын өсөлтийн чухал тулгуур болох хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүжилтийн таатай нөхцөл бүрдэх боломж нээгдэнэ. Харин эдийн засаг сэргэлтийн замаасаа гарч амархан тэнцвэрээ алдахгүй байхын тулд өрхийн өр, банкуудын баланс дээрх долларжилтыг зохистой түвшинд байлгах шаардлага үүсч байна. Эдийн засгийн сэргэлтийн эхэн үед хэрэглээний зээлээр санхүүжсэн хувийн хэрэглээ өсөлтийг дэмжих хүчин зүйл болж байсан. Энэ нь нийлүүлэлт талаасаа валютын зээлээр санхүүжсэн худалдааны салбарыг дэмжиж байв. Цаашид өрхийн өр хэт нэмэгдэх, банкуудын баланс дээрх долларжилт нэмэгдэх нь эдийн засгийг илүү эмзэг болгох эрсдэлтэй. Иймд мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжихдээ бид макро зохистой бодлогоор дамжуулж зээл олголтыг хэрэглээнээс бизнес рүү, тэр дундаа бүтээмжтэй, валют олох боломжтой экспортын салбарууд руу чиглүүлэх инсентивийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хэрэв бид санхүүгийнхээ эх үүсвэрийг дараагийн өсөлтийг бий болгох хөрөнгө оруулалт бус, импортын тансаг хэрэглээ, чихэр шоколад, архи тамхи болгоод гадагш урсгачихвал валютын нөөц хуримтлагдахгүй, инфляцийн дарамт өндөр хэвээр, өрхүүд өрийн өндөр дарамттай үлдэх эрсдэлтэй.

-Эдийн засгийн цаашдын төлөв сайн байхын тулд өсөлтийг санхүүжүүлэх эх үүсвэр тогтвортой байх зайлшгүй шаардлага бий. Банкуудын эрүүл мэндийн байдал санхүүгийн зуучлалыг үр дүнтэй явуулах түвшинд байна уу?

-Тийм ээ, байгаа. Сүүлийн 18 сарын хугацаанд банк санхүүгийн системд томоохон реформ өрнөлөө. Арилжааны банкууд дээр анх удаа олон улсын стандартаар Активын чанарын үнэлгээ хийж, салбарын гол гол хууль шинэчлэгдэн, эрсдэлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх том шилжилт хийгдэж байна. Энэ бол банкны салбарын хувьд 2 шатлалт тогтолцоо үүссэнээс хойшхи хамгийн чухал үеүдийн нэг. Гол зорилго нь ирээдүйд илүү эрүүл, дархлаатай, тогтвортой санхүүгийн зуучлалын орчныг бүрдүүлэх явдал юм. Банкны салбарын хэвийн, найдвартай үйл ажиллагаа нь бидний яриад байгаа тогтвортой өсөлтийн нэг чухал тулгуур болно. Экспортын барааны үнэ уналаа ч, гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт санхүүжилтүүд буурлаа ч энэ суваг хэвийн ажиллах нь маш чухал. Үүний тулд банкуудын бизнесийн үйл ажиллагаа олон улсад мөрддөг сайн жишгийн дагуу явагдахаас гадна, харилцагч хадгаламж эзэмшигчид найдвартай хамгаалалттай байх учиртай. Монголбанкны зүгээс аль аль талд нь анхаарч байна. Тухайлбал, банкуудад хийдэг хяналт шалгалтын стандарт, одоо мөрдөж буй нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэрлэж болно. Түүнчлэн саяхан батлагдсан  “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль” нь хэвийн үед системийн ач холбогдолтой банкуудад ёс зүйн гажуудал үүсгэхгүй байлгах хөшүүрэг болохоос гадна, хүндрэл үүслээ ч төрийн үүрэг оролцоог тодорхой болгосон тул харилцагч, хадгаламж эзэмшигч нарыг хамгаалах зорилготой. Одоо төслийг нь боловсруулж буй Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль банкуудад илүү ёс зүйтэй, илүү хариуцлагатай бизнесийн зарчмыг мөрдүүлэхэд чиглэсэн, харилцагчийг хамгаалах зорилготой юм. Эдгээр нь орчин үеийн эдийн засаг, банк санхүүгийн системтэй улс бүрт заавал байх ёстой зүйлс.

- Олон улсын сайн жишиг, шилдэг туршлагыг нэвтрүүлэх талаар Монголбанк сүүлийн үед их ярих болсон. Бид эдийн засгаа босгож ирэхийн тулд санхүүгийн салбарт олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэр анхаарч байна вэ?

-Бид дэлхийн улс орнуудын хөгжлийн шатандаа туулдаг замыг л туулаад явж байгаа. Иймд бусад орны сайн туршлагаас суралцаж өөрийн хөрсөнд суулгах, алдаатай зүйлээс нь сургамж авч ижил алдааг давтахгүй байх нь чухал. Төв банкин дээр сүүлийн 2 жилд хийсэн реформуудын үр дүнд одоо бид мөнгөний бодлогыг олон улсын жишгээр хэрэгжүүлдэг боллоо. Орчин үеийн төв банк мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа хэрхэн ажилладаг, яг л тийм зарчмаар ажилаж байна. Монголбанкны эдийн засгийн тооцоо судалгаа, шинжилгээ прогноз хийх аргачлал, Мөнгөний бодлогын хорооны бүтэц бүрэлдэхүүн статус, шийдвэр гаргах хурлын процесс, бодлогын шийдвэрээ олон нийтэд хүргэх үйл ажиллагаанаас үүнийг харж болно. Цаашид ч хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээгээ чамбайруулах чиглэлээр сайжруулалт хийсээр байх болно. Үүнтэй зэрэгцээд банкны хяналт шалгалтын тогтолцоо, хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд ч одоо ид үргэлжилж байна.   
Холбоотой мэдээ