Бат-Өлзий сумынхан хоёр түмэн сарлагийн баяр тэмдэглэв

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2018-08-23 17:15:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын “Улаан-Ам” буюу 1 дүгээр багийн нутаг “Өндөр хясаа”-нд “Хоёр түмэн сарлагийн баяр” боллоо.
8 дугаар сарын 21, 22-ны өдөр зохион байгуулсан уг баяраар тус нутгаас төрөн гарсан улс, аймгийн аварга цолтой үхэрчдийг алдаршуулах, сарлаг уралдуулах, бугуйлдах, булгиулах уралдаан, тэмцээн, сарлагийн сүү цагаан идээ, ашиг шим, түүхий эдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Мөн хүчит 64 бөх барилдаж, урлагийн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Улаан-Ам”-ны баг нь 500 гаруй өрх, 2000 гаруй хүн амтай ба аймгийн хэмжээний 106 багаас хүн амын тоогоороо тэргүүлдэг, 2700 гаруй сарлаг үхэртэй бөгөөд аймагтаа сарлагийн тоогоор хоёрт ордог томоохон баг юм. Тус багаас улсын 7 аварга малчин, саальчин төрсөн байна.
Б.Батчимэг