Худалдааны дайны явцад хятадуудын хэрэглэж магадгүй 4 арга

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-08-24 14:01:48
Сесилия Баррия /BBC News Mundo/
 
ЛОНДОН./BBC/. АНУ болон Хятад улсын хооронд өрнөж буй худалдааны дайн одоохондоо бие биендээ гаалийн татвар ногдуулах байдлаар хязгаарлагдаж байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс  дахиад хориг тавина гэж бие биенийгээ айлгаж байгаа бөгөөд сүрдүүлэлтүүд ихэнхдээ Ерөнхийлөгч Трампын зүгээс ирж байгаа юм.

1 дүгээр сараас хойш Вашингтон Хятадын хэдэн зуун нэр төрлийн барааны импортод хязгаарлалт тогтоосон бол Бээжин хариуд нь гаалийн татвараа өсгөлөө.

Хятадын эрх баригчдын хувьд гэвэл, энэ сөргөлдөөнд ашиглаж болох наад зах нь дөрвөн арга хэрэгсэл бий.

1. Америкийн компаниудын үйл ажиллагаанд түвэг саад учруулах

Үүний тулд хэд хэдэн аргыг хэрэглэж болно. Гаалийн бүрдүүлэлт хийх ажиллагааг илүү түвэг бэрхшээлтэй болгож, шинээр дүрэм журам гаргаж, Хятадад ажиллаж буй олон улсын компаниудын үйлдвэрлэлийн өртгийг өсгөх гэх мэт.

 “Хятадуудад иймэрхүү арга хэмжээ авч байсан туршлага бий, энэ нь Америкийн бизнесийнхний санааг зовоож байгаа нь илт” гэж Сиракузын их сургуулийн эдийн засгийн тэнхмийн профессор Мэри Лавли ярьж байна.



“Гэхдээ ийм бодлого нь хоёр талд хоёуланд нь их хохиролтой тусна. Ийм арга хэмжээ нь экспортлогчид Хятадын болон Америкийн зах зээлд хөрөнгө оруулах магадлалыг бууруулах юм. Энэ нь өрсөлдөөнийг бууруулж, үнийг өсгөснөөр хэрэглэгчдийн сонголт хийх боломжийг хязгаарлах болно” гэж хатагтай Лавли хэллээ.

2. АНУ-ыг ганцаардуулан тусгаарлах гэж оролдох

Ерөнхийлөгч нь хоёрхон бүрэн эрхийн хугацаанд ажилладаг АНУ-аас ялгаатай нь гэвэл Хятадад ийм хязгаарлалт байхгүй. Хятадын удирдагч Ши Жинпиний хувьд, ойрын хугацаанд даруйхан үр дүнд хүрэх хэрэгтэй гэсэн дарамт шахалт түүнд ирэхгүй. Энэ нь худалдаанд ч мөн адил хамаатай. Хятадын эрх баригчид бусад оронтой тогтоосон худалдааны сүлжээгээ “яаралгүйхэн нэхэн сүлжиж”, Вашингтоныг алгуурхнаар тусгаарлаж магадгүй. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Европ, Ази төдийгүй Америк тивийн орнуудтай Бээжин “сээтэгнэж” байгаа нь дээрх үйл явц аль хэдийнэ эхэлснийг харуулж байгаа аж.

Үүний сацуу Хятад улс Номхон далай дамнасан түншлэлийн гэрээнд тэргүүлэгч байр суурийг олж авна гэж үзэж буй шинжээчид ч бий. 



2017 оны 1 дүгээр сард Ерөнхийлөгч Трамп уг гэрээнээс АНУ-ыг гаргах тухай зарлигт гарын үсэг зурснаас хойш уг гэрээг улс орнууд батламжлах үйл явц үндсэндээ зогссон юм. Хятад улс бол Трампын худалдааны шинэ татварт өртсөн цорын ганц орон биш учраас шинээр нэгдэл холбоонууд үүсч магадгүй. Номхон далай дамнасан түншлэлийн гишүүн болох Канад, Мексик хоёр Вашингтонтой худалдааны асуудлаар зөрчилдөөд эхэлсэн бол дээр нь Европын Холбоо нэмэгдэж байна.  
 
 3. Юанийн ханшийг зориуд унагах  

Хэрвээ Хятад улс халз тулахаар шийдсэн бол юанийхаа ханшийг зориудаар унагах болно. Юанийн ханш буурснаар Хятадын экспортын барааны үнэ хямдрах бол Хятадын зах зээлд нийлүүлж буй Америкийн бараа өндөр үнэтэй болно. Ялангуяа Хятадын зүгээс импортын өндөр татвар ногдуулсан бараанд энэ нь илүү  хамаатай. Гэхдээ ийм шийдвэр гаргах нь тийм ч хялбархан хийчихээр зүйл бишээ.

“Хятадын тал нэг бол эдийн засагтаа мөнгө оруулж, үйлдвэрлэгчдээ дэмжинэ, эсвэл юанийхаа ханшийг зориудаар бууруулна” гэж эдийн засгийн тоймч Брайан Борзиковский үзэж байна.



Валютын ийм довтолгоо нь тэр даруй үр дүнгээ өгөх боловч хоёр талдаа ир бүхий хурц илдтэй адил зүйл мөн. Юанийн ханшийг зориудаар унагана гэсэн хүлээлт нь санхүүгийн зах зээл дээр уг валютыг төлөвлөж байснаас хямдаар солилцоход хүргэснээр Хятадын эдийн засгийг тогтворгүй болгох эрсдэлтэй.

Валютын ханшийг зориудаар унагасан нөхцөлд Хятадын бараанд ногдуулж буй татварын үр нөлөө багасах юм. Гэхдээ америкчууд эл байдлыг нөхөж залруулахын тулд илүү өндөр татвар ногдуулж болзошгүй бөгөөд энэ нь худалдааны сөргөлдөөнийг улам даамжруулж, шинэ шатанд гаргах болно.  

4. Америкийн өрийн бичгийн зарим хэсгийг зарах

Өнөөдрийн байдлаар Хятад улс 1 их наяд 170 тэрбум доллароор үнэлэгдэх Америкийн өрийн бичгийг худалдан авч хуримтлуулчихаад байгаа юм. Зарим эдийн засагчдын анхааруулж байгаагаар, Дональд Трампын худалдааны түрэмгий бодлогын хариуд Бээжин өөрт байгаа өрийн бичгийн зарим хэсгийг зарж магадгүй.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс мөнгөө найдвартай газарт хадгалахын тулд Америкийн үнэт цаасыг асар их хэмжээгээр худалдан авсан бөгөөд бондын хүүнд олон тэрбум доллар авсаар байгаа юм.



Хэрвээ Хятад улс үнэт цаасныхаа нэлээд хэсгийг зарахаар шийдвээс энэ нь газар хөдөлсөн мэт нөлөө үзүүлэх бөгөөд энэ нь дэлхийн бүх зах зээлд газар хөдлөлтийн долгион мэт  тархах болно.

Америкийн бондын нийлүүлэлт эрс өссөнөөр үнэ нь огцом унах нь мэдээж. Энэ нь Америкийн компаниуд болон хэрэглэгчдийн авч буй зээлийн хүү, өртөг өсөхөд хүргэнэ. Үүний улмаас Америкийн эдийн засгийн өсөлтийн хурд удаашрах болно.  

Үүний сацуу Америкийн бондын үнэ цэнэ буурах нь түүнийг эзэмшигч болох Хятадад  хүнд цохилт болох бөгөөд хятадуудын хувьд үүнээс илүү найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл олоход хэцүү юм.  

Хятадын эмзэг байдал

Хятад улс сөргөлдөөнийг улам даамжруулах алхам хийхгүй бөгөөд худалдааны татварын дайны хүрээнээс цааш гарахгүй хэмээн үзэж буй шинжээчид олон бий.
 
“Худалдааны дайн нь АНУ-д гэхээсээ Хятад улсад илүү эмзэг тусна. Америкийн эдийн засаг бол илүү том бөгөөд илүү үр ашигтай” гэж Олон улсын болон стратегийн судалгааны Вашингтоны төвийн Хятадын эдийн засгийн асуудлаар дагнасан шинжээч Скотт Кеннеди дүгнэж байна.

АНУ-Хятадын худалдааны дайнаас хэн илүүтэй хохирох вэ?

Хятад улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй Америкийн компаниудад хүндрэл саад учруулж болох юм, гэхдээ энэ нь тухайн цөөн тохиолдолд байж болох зүйл гэж С.Кеннеди үзэж байна. Харин эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Жозеф Стиглиц түүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд Хятад улс шуургыг хялбархан давж чадна гэж үзэж байгаа аж.

“Худалдааны дайнд хохирогчдыг дэмжихэд шаардлагатай арга хэрэгсэл, нөөц боломж тус улсад бий. Хятадад 3 их наяд долларын валютын нөөц байгаа шүү дээ” гэж тэрбээр сануулан дурдлаа.

Одоогоор баттай хэлж болох ганцхан зүйл гэвэл: Ийм дайн хоёр улсын хүрээнээс хальж, дэлхийн зах зээлийг тогтворгүй болгож болзошгүй. 

Орчуулсан: Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-45049264
 
 
 
 
 
Холбоотой мэдээ