Шатахууны үнийн асуудлыг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-29 17:40:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Аи-93 автобензины үнэ нэг литр нь 1820 төгрөгт хүрч 30-40 төгрөгөөр нэмэгдсэн нь  дэлхийн зах зээл дээр нефтийн үнийн өссөнтэй холбон тайлбарлав.
Тухайлбал, инфляцийн түвшинтэй холбоотойгоор Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир мэдээлэл хийхдээ, “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөлттэй холбоотой бензиний үнэ улс орнуудад төдийгүй шатахуун экспортлогч ОХУ-д хүртэл өссөн нь манай улсад нөлөөлж байна. Инфляцийн өсөлтийн 0.8 хувийг үүгээр илэрхийлж болно” гэсэн тайлбар өгөв. Шатахууны үнэ яагаад өссөнийг төр, засаг хэлэлцэхийг хүлээж байсан ч уг асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орсонгүй. Үүнийг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, “Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцаж, ОУВС-тай зөвшилцөж байж дараагийнн хуралдаанаар оруулж ирэхээр болоод хэлэлцэх асуудлыг 7 хоногоор хойшлууллаа” хэмээн мэдэгдэв. Тэрээр,“Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна” гэсэн хариуг одоохондоо өгөөд байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод “Жаст ойл”, “Синчи ойл” зэрэг компаниудын ШТС нэг литр шатахууныг 1780 төгрөгөөр борлуулж байгаа бол бусад импортлогч компаниуд Аи-92 автобензиний үнэ нэг литр нь 1800-1820 төгрөг болоод байна. Хөдөө, орон нутагт дээрх үнээс 20-30 төгрөгөөр илүү худалдаж байна. Он гарснаас хойш шатахуун нийлүүлэгч компаниуд нэг литрийг нь 30-50 төгрөгөөр нэмж 1660 төгрөг болоод байсан шатахууны үнэ өнгөрсөн хавар 1700 болж нэмэгдсэн. Тэгвэл өнөөдөр ийнхүү 1820 төгрөгт хүрээд байна. Үнэ яагаад нэмэгдэв гэсэн асуултад тухайн үед шатахууны импортлогчид Онцгой албан татвар нэмэгдсэн гэсэн тайлбар өгч байсан. Улмаар Засгийн газраас Онцгой албан татварыг тэглэсэн шийдвэрээр тэдэнд хариу өгсөн боловч өнөөдөр шатахууны үнэ ийнхүү дахин дээшлээд байна.
Б.Болд
 
 
 
 
Холбоотой мэдээ