“Ард даатгал” анхдагч зах зээл дээр хувьцаа гаргахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-30 09:43:32
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо  ээлжит хуралдаанаараа “Ард Даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая үнэт цаасны бүртгэлд  бүртгэсэн.

Тодруулбал бүртгэлд авсан хувьцаанаас “Ард Даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн.

“Ард Даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд  дээрх IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтсон байна.

Ард Даатгал ХХК нь 2018 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэмэлт хувьцаа гаргаж, анхдагч зах зээл дээр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгохоор шийдвэрлэсэн.

Ард Даатгал компанийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах ярихдаа, “Юуны өмнө бидний хүсэлтийг шалган, нийт хувьцаа эзэмшигчдийн хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргаж, манай цаашдын зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын холбогдох ажилтнуудад Ард Даатгал компанийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монголын хөрөнгийн зах зээлд анхны нээлттэй хувьцаат даатгалын компани бий болж байгаа нь онцлог бөгөөд хурдацтай өсч, иргэдийн сонирхлыг улам бүр татаж буй хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлын шийдвэрээр Ард Даатгал нь 7 сая 500 мянган ширхэг энгийн хувьцаа нэмж гарган,  Хөрөнгийн Биржээр дамжуулан анхдагч зах зээл дээр санал болгох бөгөөд нэгж хувьцааны захиалгын үнэ 700 төгрөг байна. Ийнхүү Ард Даатгал нь компанийнхаа 30 хувийг ард иргэдэд эзэмшүүлснээр таван тэрбум хоёр зуун тавин сая төгрөг татан төвлөрүүлж, дүрмийн сан болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зарцуулна. Хувьцааны захиалгыг авах хугацаа, журмыг бид даруй мэдэгдэх болно" гэлээ.

Тус IPO-ийн андеррайтэраар БиДиСЕК ҮЦК ХХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажиллаж байна.

Ард Даатгал ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Ард Даатгал нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж буй аж.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буйг удирдлагууд хэллээ.

Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, Крипто Үндэстэн зэрэг компани багтдаг байна.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон юм.

Холбоотой мэдээ