“Сoal Mongolia-2018”: Нүүрсний зах зээлд алдаж болохгүй шинэ үе ирснийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-04 11:34:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өнөөдөр 20 орчим сая тонн нүүрсний экспортын хэмжээг 30 сая тоннд хүргэх боломж Монгол Улсад бий. Үүний тулд өрсөлдөх чадвар чухал. Хөдөлмөрийн бүтээмжийг өсгөн, өртгийг бууруулахын тулд дэвшилтэт технологийг хэрэглэх ёстой”-г хэмээн өнөөдөр эхэлсэн “Сoal Mongolia-2018” чуулганы үеэр салбарын сайд Д.Сумъяабазар онцлов.
Тэрээр чуулганы эхэнд Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзэлж буй байр суурийг товч танилцуулахдаа, “Энэ оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс 26 сая тонн нүүрс олборлооод байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс олборлолт нэг хувиар буурсан ч орлого 753 тэрбумаар өсч, Монголын гадаад худалдаа, экспортод уул уурхай тэр дундаа нүүрс олборлолт томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна" гэв. 

Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, БНХАУ-ын “Үндэсний нүүрс ассоциаци”-ийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг чуулганы эхэнд хэлэхдээ, “2017 онд Хятад улс 271 сая тонн нүүрс импортолсноос АНУ, Австрали, ОХУ, Монгол Улс зэрэг олон улс оронтой нүүрсний зах зээл дээр хамтран ажиллаж байна. Дэлхийн дээр өнөөдөр эрчим хүчний хэрэглээ улам ухаалаг чиглэл рүү шилжиж, шинэ шатанд орж байна. Иймд нүүрс импортлогчид технологио, нүүрсний чанарыг сайжруулах шинэ сорилтууд тулгарч байна. БНХАУ-ын Засгийн газар нүүрсний импортыг эрчимжүүлэх, нүүрсний бүтцийн чанарыг сайжруулахад анхаарснаар Хятадын эрчим хүчний бүтэц аажмаар шинэчлэгдэж байна. Гэхдээ нүүрсний хэрэглээ, аж үйлдвэр хөгжсөөр байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ байсаар байх юм. Хятадын эрчим хүчний салбартай харилцаа холбоогоо сайжруулснаар Хятад, Монголын нүүрсний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг худалдааны солилцоог шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллая” гэлээ. Тэрээр Монгол Улс Австралийн дараа БНХАУ-д нүүрс экспортлогч хоёр дахь том орон гэдгийг онцлов. “Саяхныг хүртэл монголчууд дан ганц коксжих нүүрсийг экспортолж байсан бол одоо антрацит хэмээх өөр төрлийн нүүрсийг ч мөн худалдах болсон нь сайн хэрэг” хэмээн тодотгов.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн “Уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн байдал” сэдвээр тавьсан илтгэлдээ, Таван толгой-Зүүн баян чиглэлд концессоор барих төмөр замын хэлэлцээ үргэлжилж байгааг мэдээлж, “Манай улс 2015 онд15 сая тонн нүүрс экспортолж байсан бол түүнээс хойш тогтмол өссөөр энэ оны эхний 7 сарын байдлаар 21 сая тоннд хүрсэн. Энэ жил тээвэр харьцангуй жигд байгаа ч авто замаа шинэчлэх шаардлага бий. Манай улсад хүнд даацын нийт 14 мянган  машин тээвэрт явж байгаагаас 10 мянга нь Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд тээвэр хийдэг. Нүүрсний экспортын хамгийн гол гарц нь Гашуунсухайт гэдгийг эндээс харж болно. Төмөр замын тухайд Алс Дорнодын чиглэлд нүүрс экспортлохын тулд Тавантолгой- Зүүн баян чиглэлд концессоор төмөр зам барих шийдвэр гарч одоо хэлэлцээ үргэлжилж байна. Энэ төмөр зам 460 км урт, 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй. Таван толгой-Зүүнбаянгаас цааш нь Ханги мандал чиглэлд мөн төмөр зам тавих шаардлагатай”-г тэрээр танилцуулав.

 “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батцэнгэл “Монол Улс нүүрсний зах зээлд олдсон боломжоо ашиглаж чадах уу?” сэдвээр тавьсан илтгэлдээ, 2008-2009 онд нүүрсний зах зээл эрчимжиж, 2011-2012 онд зах зээлд үнэ унасан. 2015-2016 оны сүүлчээр үнэ сэргэх хандлагатай болсон. Өнөөдрийн чуулганы оролцогчдыг харахад ч нүүрсний зах зээл сэргэж байгаа нь харагдаж байна. Бид энэхүү хоёр дахь боломжоо ашиглах хэрэгтэй. Монгол Улс коксжих нүүрс голлон экспортолж, энэхүү нүүрсийг Хятад улс металлург, гангийн үйлдвэрүүддээ ашигладаг. БНХАУ дэлхийн гангийн хэрэглээний 50 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Үүний дагаад коксжих нүүрсний хэрэглээ хамгийн өндөртэй зах зээл юм. Урд хөршийн нүүрсний хэрэглээ өсөхгүй байгаа ч коксын хэрэглээ тогтвортой байна. Нүүрсний импортын хэмжээ ч хязгаартай байгааг та бүхэн харж байгаа байх. Боомтын нэвтрэх хүчин чадал хангалтгүйгээс бид жилдээ 40 сая доллар алдаж байна. Сүүлийн хоёр жилийн нүүрсний үнэ өссөн хугацаанд Индонез, Австралиас ихэнх коксжих нүүрсээ импортолсон. Зах зээл дээр 2015 онд ёроолдоо хүртэл унасан коксжих нүүрс 2016, 2017 онтой харьцуулахад 2018 оны эхний хагаст хоёр дахин нэмэгдлээ. Хятад улс илүүдэл нүүрсийг танах, ногоон эдийн засаг хөгжүүлэх бодлого барьж байна. Хятадын гангийн үйлдвэрүүдийн нүүрсний хэрэглээ бүс нутаг, муж бүрээс шалтгаалан өөр өөр онцлогтой. Бээжинг тойроод Хэбэй муж 190 сая гаруй тонн ган жилд үйлдвэрлэдэг байсан. Одоо агаарын бохирдлоос болж үйлдвэрлэлээ нэмэхгүй, бууруулсаар байгаа юм. 2017 онд тус мужид коксын үйлдвэрлэлийг 9 хувиар бууруулж, эсрэгээрээ Өвөрмонголд үйлдвэрлэл 10 хувиар нэмэгдсэн” гээд Монгол Улсын нүүрсний зах зээлд алдаж болохгүй шинэ үе ирж буйг онцлож байв.
 
Б.Болд
Гэрэл зургуудыг Б.Чадраабал

 
Холбоотой мэдээ