113 багийн газар тариалангийн бүсийг тогтоож хашаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-10 14:43:17
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлсэн байна.

Засгийн газраас газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Энэ жил улсын хэмжээнд нийт 497,2 мянган га талбайд тариалалт хийж, энэ оны ургацын урьдчилсан балансаар өмнөх жилтэй харьцуулбал ойролцоогоор хоёр дахин их ургац авах төлөвтэй байгааг  албаныхан хэлж байна.

Тодруулбал төлөвлөсөн хэмжээнд буюу 450 мянган тонн үр тариа, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийг амжилттай хураан авахын тулд салбар яам, холбогдох байгууллагууд, газар тариалан эрхлэгчид эрчимтэй ажиллаж, бэлтгэлээ базааж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллах юм байна.
Б.Заяа

Холбоотой мэдээ