Монгол, Казахстаны худалдааны эргэлт 36.6 сая ам.доллар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-10 17:21:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд эрчимжиж буй Монгол, Казахстан улсын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр улсын худалдаа эдийн засгийн бизнес уулзалтыг ирэх аравдугаар сарын эхний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
Уулзалтыг МҮХАҮТ, БНКаУ-ын Үндэсний танхим “Атамекен”, Казахстаны Гадаад худалдааны танхим, тус улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам болон Монгол Улс дахь БНКаУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулах юм. Мөн тус улсын бизнесийн 10 гаруй аж ахуйн нэгж, компаниийн төлөөлөл ирэхээр төлөвлөжээ. Монгол Улс Казахстанаас ихэвчлэн газар тариалан, автомашин, тоног төхөөрөмж худалдан авч байгаа бөгөөд 2017 онд хоёр улс 29 сая ам.долларын худалдаа хийсэн дүнтэй байна. Тус улсын 34 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ба 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Хоёр улсын худалдааны эргэлт 2017 оны эцсийн байдлаар 36.6 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн байна. Үүнээс Монголын экспорт 2.4 сая ам.доллар, Казахстанаас хийсэн импорт 34.2 сая ам.долларын дүнтэй гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт гурав дахин, импорт 16.6 хувиар өссөн дүнтэй байгааг талууд хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэхгүйгээр худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо бий гэдэгт санал нэгддэг байна.
Б.Болд
 
Холбоотой мэдээ