1000 төгрөгийн хандивын аянаар Мазаалай цэцэрлэг нээлтээ хийв

PDF version

490 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 хүүхдийн багтаамжтай Мазаалай цэцэрлэгийн барилгыг Баянхонгор аймгийн Тавдугаар багт Гүнжит инженеринг компани барьж ашиглалтад орууллаа.

Тус цэцэрлэгийг Баянхонгор аймгийн нийт ард иргэд төдийгүй төрийн 32 байгууллагын ажилтан алба хаагч, аж ахуйн нэгжүүд, Төрийн бус, олон улсын байгууллага, УИХ-ын гишүүд, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн туслалцаа, хандив дэмжлэгээр барьсан байна.

“1000 төгрөгөөр” хандивын аяныг “Хонгорын үрс НҮ” ТББ-аас санаачлан 2014 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд ийнхүү нээлтээ хийж байна. Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Баярмагнай нээж үг хэлсэн. Тэрбээр өнгөрсөн 4 жилд аймагт хийсэн бүтээн байгуулалтуудыг дурдахын зэрэгцээ ганц төрийн хүчээр бус ард иргэдийн хүч, хөдөлмөрийн тусламжтайгаар хүүхдийн сайн сайхны төлөө цэцэрлэг барин төрд хүлээлгэж өгч байгаа нь хаана ч байхгүй онцлог ажил болсныг дурдав. Цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын хувь Баянхонгор аймгийн хэмжээнд 90 гаруйд хүрч байна.