Сурагчдынхаа үдийн хоолны ногоог өөрсдөө тарьжээ

PDF version

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургууль энэ намар өөрийн туслах аж ахуйгаас сурагчдынхаа үдийн хоолны төмс, хүнсний ногоог бэлдэж байна.

Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны ивээл дор нийт 455 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Туслах аж ахуйд суурилсан сургуулийн үдийн хоолыг хөгжүүлэх нь” төслийг Монгол Улсын 5 аймгийн тус бүр нэг сумын сургуульд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургууль юм.

Гурван жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжих төслийн эхний жилд Эрдэнэдалайн сургууль газар тариалангийн бага оврын трактортой болж, өнгөрсөн  зун 1 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан байна. Ногоогоо услах 90 метрийн гүнтэй худаг гаргаж, ус нөөцлах 6 тонн багтаамжтай сан байгуулжээ. Одоо ногооныхаа талбайд хашаа барьж байгааг сургуулийн захирал Л. Буянтогтох сонирхуулсан юм.

Тэрээр, “ Төслийнхөө санхүүжилтийг хүлээзнэж, энэ жилийн хувьд төмс, хүнсний ногооны тариалалт жаахан хожуудаж долдугаар сар гаргаж хийсэн боловч ургац маш сайн ургалаа. Сургуулийн ажилчид уйгагүй усалж тордсоноор бид анхныхаа ургацыг авч байна. Төмс, хүнсний ногооны хураалт удахгүй эхэлнэ. Одоогоор өргөст хэмхээ хурааж даршилж эхлээд байна” гэв.

Мөн сургуулийн хамт олон энэ намартаа амжиж жимсний мод тарихаар зэхэж байна. Ирэх хавар тариалалтын талбайг өргөжүүлэхээс гадна хүлэмжийн аж ахуйтай болох юм байна. Төслийн гурав дахь жилд саалийн үнээтэй болж, сурагчдынхаа үдийн цайны сүү, цагаан идээг ч бэлдэх нөхцөл бүрдэх ажээ.

Төслийн эхний жилд Эрдэнэдалайн сургуульд 19 мянган долларын хөрөнгө оруулалт орсон байна.

Т. Отгонтуяа