Томуу, томуу төст өвчнөөр эмч, ажилтнууд их өвчилж байна

PDF version

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Аймгийн нэгдсэн эмнэлэг / АНЭ/ өнөдржүүлсэн бэлэн байдалд шилжиж, бүх эмч сувилагч, жолооч нар дайчлагдан ажиллаж байна. Тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд, гадуур эмчилгээтэй хүмүүст, алсын дуудлаганд гээд бүхий л хүнд хүрч тусламж үзүүлж байгаа гэдэг утгаараа АНЭ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар авч томуу томуу төст өвчнөөр өвчлөх нь ихэсчээ.

“Нэгдүгээр сарын 11-ний байдлаар АНЭ-ийн эмч ажилтнуудаас 11 нь акттай, 35 нь өвчтөний түүх нээлгэн өдрөөр эмчилгээ хийлгэнгээ давхар ажиллаж байна. Өвчний шинж тэмдэгтэй 40 хүн байна. АНЭ-ийн 293 ажилчдын 30 орчим хувь нь томуу томуу төст өвчнөөр өвчлөөд байна. Гэсэн хэдий ч бид бүхий л нөөц бололцоогоо ашиглаж байгаа. Бүр байдал хүндэрлээ гэхэд бид гамшгийн төлөвлөгөөндөө тодотгол хийчихсэн байгаа учир Эрүүл мэндийн газартайгаа хамтраад дараа дараагийн эмч сувилагч нарыг татах ажлыг хийх болно...” хэмээн АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч Т. Тэгш-Эрдэнэ хэлээ.

АНЭ-ийн хүүхдийн тасагт 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүнд 9, хүндэвтэр 35 хүүхэд байна. Мөн дотрын тасаг эмчлүүлж байгаа 39 насанд хүрэгчдийн 26 нь томуу томуу төст өвчний оноштойгоор хэвтэж байгаа юм байна.

Т. Одончимэг