Гэр хорооллын айлуудын хогны мөнгийг 2000 төгрөг болгожээ

PDF version

Увс аймгийн ИТХ дахь Байгаль орчны хорооноос Улаангом сумын ЗДТГ болон хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Элемент” компанитай хамтарч аймгийн төвийн хог хаягдлыг хэрхэн бууруулах талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Элемент” компани нь Улаангом сумын гэр хорооллын айл өрхүүдийн хашааны гадна шуудайлж тавьсан болон орон сууцны гаднах хог хаягдлыг ачиж зайлуулдаг юм. Үүнийхээ төлбөрт гэр хорооллын өрх бүрээс нэг мянга, орон сууцны айл өрхүүдээс хоёр мянган төгрөгийн хураамжийг сар бүр гэрлийн мөнгөтэй хамт авдаг. Энэхүү мөнгө нь Улаангом сумын ЗДТГ-ын мэдэлд цуглардаг бөгөөд тодорхой хувь нь “Элемент” компанид төвлөрдөг байна.

Хог хаягдлын асуудлыг цэгцлэх тухай хэлэлцүүлгийн үеэр хогны хураамжийн тайланг нээлттэй болгох, зарцуулалтын тайлан тавих, хогны төлбөрийн мөнгийг бүгдийг нь “Элемент” компанид төвлөрүүлж хариуцлагыг сайжруулах, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нартай хог ачилтын компани хамтарч хуваарийн дагуу хяналт тавихаар болсон байна. Тэрчлэн хогны машин гудамжаар явахдаа чанга яригчаар мэдэгдэх, хогоо гаргаж тавьж чадахгүй ганц бие өндөр настан, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн судалгаа гаргаж хашаанаас нь ачих, архи пиво нийлүүлдэг томоохон компаниудад шил, лаазаа эргэж авах санал хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Мөн гэр хорооллын айл өрхүүдээс сард хоёр мянган төгрөгийн хураамж авахаар шийдвэрлэсэн байна.

Б.Батхүү