Аймгийн төвийн хорооллууд өөрийн гэсэн түүхтэй

PDF version

Дундговь аймгийн төв 4 гэр хороололтой. Хороололын нэр өөрийн гэсэн бяцхан түүхтэй бөгөөд тэр түүхийг энд дурьдая.

Мандалговийн зүүн хойд дүүрэгт Аравжих хороолол оршдог. 1960- аад оны үед хүүхдүүд Аравжихын булгийн мөсөн дээр тэшүүрээр гулгаж нааддаг, хичээл тармагц л тийш гүйцгээдэг байсан гэдэг. Хожим булаг ширгэж алга болсон бөгөөд хотын айл өрхүүд зүүн хойд дүүрэгт суурьшин буусаар Аравжихын булаг байсан дэрст хоолойн урд гүвээний энгэр хүртэл өргөжсөн байна. Ингэж үүссэн хорооллыг тэрхүү булгийн нэрээр Аравжих хэмээн нэрийджээ.

Харин хотын зүүн болон зүүн урд хэсэгт Боржигон хороолол үүссэн. Дундговь аймгийн төв нүүдэллэн одоогийн буй газраа суурьших болсны дараахнаас зүүн дэнжийг хөвөөлөн айлууд бууж эхэлжээ. Тэдгээр нь Говь- Угтаал, Цагаандэлгэр сумын голдуухан айл өрхүүд байсан бөгөөд хуучнаар Боржгин сэцэн вангийн хошууны харъяа нутгийнхан учир тэднийг Боржигоныхон хэмээдэг болсон нь Боржигон хороолол үүсэх эхлэл болсон аж.

Хотын баруун урд дүүрэг дэхь Мандал хороололын хувьд Мандалговийн урд энгээр оршдог Мандалын говиор нэрлэгдсэн байна. Мандалын говио дуурсан нэрлэгдсэн цөөнгүй газар  Дундговь аймгийн төвд байдгийн нэг нь “Мандал” хороолол юм.  

Дээхнэ үед Мандалговь хотын баруун хойд хэсэг хэдэн модон байшинтай, тэнд айргаар сувилдаг амралт сувиллын газар зун, намрын цагт ажилладаг байсан 1970 оны намар айл өрхүүд аймгийн төвөөс гарч, тийш суурьшиж эхэлсэн байна. Хороолол өргөжсөөр өдгөө аймгийн төвийн нягтрал ихтэй хороололын нэг болоод байгаа юм. Тухайн үед шинэ үүссэн хорооллыг айргийн сувилалтай холбогдуулан Айраг хэмээн нэрийдсэн гэдэг.

Т. Отгонтуяа