Утаа ихтэй хорооллыг хязгаарлалтын бүсэд хамааруулав

PDF version

Агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийг Мандалговь хотын хамгийн олон хүн ам суурьшдаг хороололыг хамруулан тогтоож байна. Энэ бүсэд мөн усан халаалтын болон нам даралтын зуухыг олноор ашигладаг аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж байна.

Мандалговь хотын хувьд агаарын чанарын үзүүлэлтийг азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламжаар тодорхойлдог. Эдгээр хий нь өнгөгүй нэгдлүүд учраас үзэгдэх орчин төдийлөн хязгаарлагдаад байхгүй, харин бохирдол өндөртэй үед ширхэглэг тоосонцор төдий чинээгээр их байдаг ажээ. Гэхдээ салхи тогтуун үед баруун хойноос эхлэн зүүн өмнө, өмнөд хэсгийг дамнасан утаан хөшиг тогтох тохиолдол ялангуяа өглөөгүүр ихсэж хандлагатай болж байгаа тул ийнхүү хязгаарлалтын бүс тогтоож байгаа гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д. Ганцацрал хэлсэн юм.

Агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийг сүүлийн 6 жилийн үзүүлэлтээс харахад жил тутам өсч байгаа боловч хүлцэх агууламжаас давсан тохиолдол хараахан илрээгүй. Ингэлээ гээд агаарын чанарын асуудлыг орхигдуулж болохгүйн үүднээс хүн ам, айл өрхийн нягтрал ихтэй хэсгийг хязгаарлалтын бүсэд хамааруулж, агаарын бохирдлыг багасгах ажлыг үе шаттай хийх зорилготой гэлээ.

2020 он хүртэл хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Нам даралтын халаалтын зуухны тоог цөөрүүлж, түлшний хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг зуухны хэрэглээг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулна” гэж тусгасан байна.

Т. Отгонтуяа