Бүлэг хулгайн хэргийг илрүүлэн шалгаж байна

PDF version

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсгийнхэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж, 5 удаагийн үйлдлээр бусдын 19 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан эрүүгийн 5 хэрэг, бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан 1 хэргийг тус тус нөхөн илрүүлжээ.

Уг гэмт хэргийг Увс аймгийн харьяат Д, Г, Б, Сэлэнгэ аймгийн харьяат Т нар бүлэглэн үйлдсэн болох  нь тогтоогдож, цагдаагийнхан баривчлан шалгаж байна. 

Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутагт 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 2017 оны 01 дүгээр 27-ны хооронд бусдын бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлсан хэрэг удаа дараа үйлдэгдэж, малчид, мал бүхий иргэдэд хохирол учруулсан хэрэг гарсан юм.

Гэмт этгээдүүдийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч З.Мөнхнаран, гишүүдэд Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал, Мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлтулга, Эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ванчиндорж нар идэвхтэй ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлсэнд аймгийн Цагдаагийн газрын удирдлагаас талархал илэрхийлж, урамшуулсан байна.

Д.Одонтунгалаг