Аялал жуулчлал хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав

PDF version

Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд Дундговь аймгийн Засаг дарга төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчид “Говийн шуранхай” холбоог үүсгэн байгуулж нэгдсэн байдаг. Гэсэн ч холбооны үйл ажиллагаа зогсонги байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа идэвхижүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Үүний тулд аймгийнЗасаг даргатай хамтран ажиллахаар санамж бичигт ийнхүү гарын үсэг зуржээ.  

Санамж бичигт тусгаснаар аймгийн Засаг дарга болон “Говийн шуранхай” холбоо харилцан адил үүрэг хүлээх юм байна. Тодруулбал, Засаг дарга аялал жуулчлалын сурталчилгаа, төсөл хөтөлбөрүүдэд орон нутгийн хөгжлийн сан болон бусад эх үүсвэрээс дэмжлэг үзүүлнэ. Мөн энэ салбарт ажиллагсадыг гадаад, дотоодод туршлага судлах, жуулчны баазуудыг түшиглэсэн эвент арга хэмжээ зохион байгуулахад нь дэмжин ажиллана.

Харин “Говийн шуранхай” холбооны хувьд аймгийн аялал жуулчлалын салбарын зөвлөгөөнийг тогтмолжуулж, аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд аж ахуйн нэгжүүдээ зохион байгуулж оролцоно. Жуулчны мэдээллийн төвийг тогтмол ажиллуулж, мэдээллийн санг шинэчлэн хөтлөх, жуулчны баазуудын зэрэглэл ахиулах ажлыг эрчимтэй зохион байгуулахаар үүрэг хүлээжээ.

Аялал жуулчлалын салбар бол Дундговь аймгийн хувьд эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлээ дагалдуулан хөгжүүлэх чухал салбар гэж үзэж байгаа юм. Энэ үүднээс Дундговь аймгийн аялал жуулчлалын хөтөч ном, маршрутыг хэвлэх, “Тэмээний баяр”,” Айрагны баяр”, Ардын урлагийн наадам зэрэг уламжлалт зан үйл, нутгийн онцлогийг харуулсан үйл ажиллагааг тогтсон газар, тодорхой цаг хугацаанд зохион байгуулдаг болж, говийн бүсийн аймгуудтай хамтран аялал жуулчлалын нэгдсэн маршруттай болох зэргээр Засаг даргын үйл ажиллагаанд төлөвлөсөн хэд хэдэн ажил байна. Эдгээрийг хэрэгжүүлж ажиллахад төрийн бус байгууллагатай ийнхүү хамтран ажиллахаар болж байна.

Т. Отгонтуяа