Хөвсгөлд 20 гаруй мянган мал хорогджээ

PDF version

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд зарим сумдад цас их орсны улмаас өвөлжилт хүндэрч хаврын сартай золголоо. Сүүлийн үед малын хорогдол нэмэгдсээр аймгийн хэмжээнд 20 гаруй мянган толгой мал хорогджээ.

Тухайлбал Цэцэрлэг суманд 7000 гаруй, Галт суманд 4000, Жаргалант суманд 3000 мал хорогдож Цагааннуур, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумын нутагт хаваржилт хүндэрч байгаа гэнэ. Дээрх сумын малчид өөрсдийн бэлтгэсэн хадлан тэжээл, сумынхаа нөөцийг бүрэн дууссан бөгөөд аймгийн нөөцөд 300 тн өвс байгаа аж. Хаврын сартайгаа хүндхэн золгосон малчдад өвснөөс илүү тэжээл хэрэгтэй байна гэсэн саналыг  аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн байна. Малчдын саналыг үндэслэн Улсын Онцгой комисс болон сайн дурын байгууллагуудад хандаад байгаа ажээ.

Б.Гантуяа