Завханы Засаг дарга эмэгтэйчүүдийнхээ саналыг дэмжин ажиллана

PDF version

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Засаг дарга Д.Батсайхан аймгийнхаа  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн ТББ-ууд үйл ажиллагааныхаа тухай товч мэдээлэл хийж, аймагтаа тулгамдаж буй асуудлуудад эмэгтэйчүүд хэрхэн оролцож, хамтран ажиллах боломжтой тухай саналаа аймгийн Засаг дарга болон удирдлагуудад  хэллээ.  Аймгийн Засаг дарга  уулзалтын эхэнд нутгийнхаа хөгжлийн төлөө эмэгтэйчүүд нэгэн дээвэр дор нэгдэж, хамтарч ажиллах ёстойг хэлээд аймгийнхаа хөгжлийн түүчээ болсон эмэгтэйчүүдийн байгууллагын бүхий л санал санаачлагыг дэмжиж, төрийн бодлого шийдвэр болгон хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.  Мөн эмэгтэйчүүдтэй уулзсан анхны уулзалтын үеэрх санал хүсэлт аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой хэмжээгээр тусгагджээ.  Цаашид  хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хөшүүрэг болох саналуудыг дэмжиж  хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран эсгий, эсгий эдлэлийн сургалт, шагайн эдлэл, суран эдлэлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөснөө дуулгав. Мөн эмэгтэйчүүдийн байгууллагууд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар дээр нэгдэж жил бүр ажлын төлөвлөгөөгөө боловсруулж ажиллах хэрэгтэй гээд нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд иргэдийн ухамсрыг өөрчлөх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах ёстойг онцлов. 

Улиастайд брэнд бүтээгдэхүүний дэлгүүр нээгдлээ

Дашрамд Завхан аймаг ирэх дөрвөн жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавьж орон нутгийнхаа үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа.

Энэ зорилтыг хангахад эмэгтэйчүүд манлайлан оролцож “Хамтын хүч-Хөгжлийн гарц” чуулган, үзэсгэлэн худалдааг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан билээ. Энэхүү томоохон үйл ажиллагааг аймагтаа анх удаа, мөн нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан ажээ. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон Завхан аймгийн 3000 гаруй бүтээлч уран хатгамалч бүсгүйчүүд болон нийт үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих үүднээс аймгийн Засаг дарга шинэ дэлгүүрийг нээж өгчээ. Ийнхүү Завханы баялаг бүтээгч эмэгтэйчүүдийнхээ урласан бүтээгдэхүүнийг борлуулах Завханы брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийг аймагтаа нээж шинэ дэлгүүрийн түлхүүрийг МЭХ-ны Завхан салбарын даргад гардуулан өглөө. Энэхүү дэлгүүрт Завханы эмэгтэйчүүд өөрсдийн бүтээлээ ямар нэгэн шимтгэл татваргүйгээр худалдан борлуулах ажээ.

Б.Мягмарсүрэн