Бага боловсролын чанарын шинэчлэлт төсөл үр дүнгээ өгч байна

PDF version

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Бага боловсролын чанарын шинэчлэлт төслийн 3-р шат 2017 оны 4-р сарын 1-нээс 2018 оны хагас жил хүртэл хэрэгжинэ. Тус төсөл нь бага боловсролын математик, монгол хэл, байгалийн ухааны хичээлийн чанарыг дээшлүүлэх хүрээнд хэрэгжих ажээ.

Улсын хэмжээнд төрийн өмчийн 636 сургууль байдаг. Үүнээс бага боловсролын чанарын шинэчлэлт төслийн 3-р шатанд 450 сургуулийг шалгаруулж авах юм. Архангай аймгийн БСУГ-аас энэхүү төсөлд бүх сургуулиа оруулах зорилготой сургуулиудын захирал, бага ангийн сургалтын менежерүүд гээд 60 гаруй хүний төлөөллийг оролцуулсан зөвлөлгөөн зохион байгуулж,  өмнө төслийн үр дүнг танилцуулан, гуравдугаар шатнанд орох төслөө хэрхэн бичих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Бага боловсролын чанарын шинэчлэлт төслийг улсын хэмжээнд БСШУСЯам Дэлхийн банктай хамтран 2016-2018 оны хооронд гурван үе шаттай, сургуулиудын бага боловсролын чанарыг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төслийн нэг, хоёрдугаар шатанд Архангай аймгийн төрийн өмчийн 30 сургууль 2016, 2017 онуудад хамрагдаж, бага боловсролдоо хамрагдаж байгаа хүүхдийн тооноос хамааран, сургуулийнхаа онцлогт тохируулан төслөө бичиж 3-6 сая төгрөгийн санхүүжилт буюу  нийт 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авсан байна. Тухайлбал, Цахир сумын дунд сургууль 443 сурагчтай. Бага боловсролд 256 хүүхэд сурдаг бөгөөд “Цахим сургууль” төслөөр шалгарч бүх ангиудаа 4.8 сая төгрөгийн LCD зурагттай болгожээ. Дараагийн шатнаас бага ангийн “Байгалийн ухаан ком кабинет”-ийг 1.2 сая төгрөгөөр авч нэг ангиа тохижуулсан байна. Үүний дүнд бага ангийн хүүхдийн идэвх сонирхол дээшилж, ой тогтоолт сайжран, сурлагын дүнгийн 8-10 хувийн ахиц гарсан байна. Нөгөө талаар багш нар үзүүлэн тараах материалаа зурагтаараа үзүүлж цаас, хэвлэгчийн хор, шохой зэргээс эдийн засгийн хэмнэлт гарсныг сургуулийн захирал М.Батсайхан хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од

.