Тайпэй эмнэлэг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллана

PDF version

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг Тайвань улсын Тайпэй эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолд Тайвань улсаас Тайваны Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны харъяа Тайпэй эмнэлгийн олон улсын сургалтын төвийн мэргэжилтэн Сю Чин Чиих, Тайпэй эмнэлгийн дэд захирал Чан Мин Суан, Монгол Түвдийн хорооны нарийн бичгийн дарга Дунг Яа Шү, Монгол Түвдийн хорооны ажилтан Хуанг Чиэх Янг, Тайпэй эмнэлгийн олон улсын эрүүл мэнийн сургалтын төвийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Чин Янг Ру, Тайпэй эмнэлгийн бөөрний эмч Чанг Кэй Ти тэргүүтэй 11 төлөөлөгч, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Ариунаа, ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, аймгийн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Энэхүү гэрээгээр Тайвань улсын Тайпэй эмнэлэг нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй эрүүл мэндийн салбарын бүхий л үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, эрүүл, ахуй менежмент,түргэн тусламжын асуудал, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зайн оношлогоо, эмчилгээг хийх зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар боллоо. Дашрамд Тайваны Тайпэй эмнэлэг нь Монгол улстай 2003 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 300 гаруй эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулж мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулаад байгаа ажээ. Түүнчлэн Монгол улсын Увс, Өмнөговь, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын нэг, хоёрдугаар эмнэлэгтэй хамтран ажилладаг ажээ.

 Завханы эмнэлэг бөөрний гемодиализын аппараттай боллоо

Мөн үйл ажиллагааны дараа Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайвань улсын буцалтгүй тусламжаар Гемодиализын тасгийг нээх ёслолын үйл ажиллагаа боллоо.

Тайвань улсын буцалтгүй тусламжаар Завханы Нэгдсэн эмнэлэгт 250 сая төгрөгний үнэ бүхий бөөрний Япон улсад үйлдвэрлэгдсэн гемодиализын хоёр аппаратыг бэлэглэжээ. Энэхүү аппаратыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав Далайн орнуудтай харилцах Монголын нийгэмлэгт хүсэлт тавьснаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт буцалтгүй тусламжаар олгосон нь энэ ажээ. Энэхүү аппаратыг хүлээн авахаасаа өмнө Завханы Нэгдсэн эмнэлэг өөрсдийн зардлаар бөөрний гемодиализын аппарат дээр ажиллах нэг эмч нэг сувилагч, инженерийг мэргэшүүлж сургасан байна. Дашрамд Тайпэй эмнэлэг нь Монгол улсын хамтран ажилладаг эмнэлгүүдтэй боловсон хүчнийг сургах чадавхижуулах ажлаас гадна тоног төхөөрөмжийг нийлүүлдэг туршлагатай ажээ.

Завханы 270 гаруй иргэн орон нутагтаа эмчлүүлэх боломжтой болжээ

Завхан аймагт бөөрний өвчлөлтэй 270 гаруй иргэн бүртгэлтэй байна. Үүнээс 80 гаруй хүн бөөрний өвчнөөр группд оржээ. Харин хүнд шатандаа орсон 30 иргэн байсанаас 16 иргэн нь шаардлагатай эмчилгээ, бөөрний гемодиализын аппаратанд орж чадалгүй, хугацаа алдсанаас нас баржээ.

Өнөөдрийн байдлаар 14 иргэн бөөрний гемодиализын аппаратанд долоо хоногт гурван удаа орох шаардлагатай байна. Эдгээр иргэд нь 1000 км-ийн алс орших Улаанбаатар хотод зардал өндөр, хугацаа алдаж эмчлүүлдэг. Аймагтаа амьдарч эмчлүүлэх боломж байхгүй учраас долоон өвчтөн иргэншилээ сольж Улаанбаатарын иргэн болсон байгаа. Үлдсэн зургаан иргэн маань Улаанбаатар хотод ажиллаж амьдарч тэндээ аппаратанд зайлшгүй орох шаардлагатай болоод байна. Улаанбаатар хотод байнгын аппаратанд орж байгаа хүмүүс маань маш хүнд нөхцөлд цаг хугацаа алдаж, зардал өндөр эмчлүүлж байсан. Харин өнөөдрийн хоёр гемодиализын аппаратыг буцалтгүй тусламжаар цагаа олж бэлэглэсэн явдал нь нийт Завханы иргэдэд нутагтаа зардал чирэгдэлгүй эмчилгээ хийлгэх, боломжийг олгосон том үйл явдал болж байна. Аймгийн эмнэлэг бөөрний өвчний эцсийн шатанд орсон өвчтнүүддээ зардал чирэгдэлгүй, хямд зардлаар эмчилгээ хийх боломжтой болсон нь сайшаалтай юм хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Г.Цогзолмаа ярьлаа.

Тайпэй эмнэлэг өвчтнүүдийн шинжилгээг онлайнаар оношлоно

Тайпэй эмнэлэг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй эгч дүүсийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар орон нутгийн өвчтнүүд зайн оношлогоог авах боломж бүрдлээ.

Тухайлбал энэхүү үйл ажиллагаа нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд Тайпэй эмнэлэгтэй хамтран эмч, мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж буй ажээ. Түүнчлэн алслагдсан хөдөө орон нутгийн иргэд аймагтаа бөөрний өвчлөлийн оношлогоог бүрэн хийлгэх боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл аймгийнхаа эмнэлгээр хийлгэсэн шинжилгээ, оношийг Тайвань улсын Тайпэй эмнэлэг рүү онлайнаар өгч, оношлогоо, эмчилгээг өндөр түвшинд хийх боломжтой болсныг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ үеэр онцлов. Дашрамд бөөрний өвчний хүнд шатандаа орсон өвчтнүүд нь насан туршдаа байнгын гемодиализын аппаратанд орох шаардлгатай байдаг байна. Энэхүү аппаратанд орох өвчтнүүд нь нэг удаа ороход 171000 төгрөгний төлбөртэй орох бөгөөд энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх ажээ.

Б.Мягмарсүрэн