ШУТИС-ийн салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав

PDF version

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр болон ШУТИС-ийн салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав.

Тус аймгийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байгаа билээ. Тиймээс томоохон уурхайнуудаас туршлага судалж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, ажлын байр, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ.
Мөн Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан 20-оос доошгүй үйлдвэрийг байгуулахад улсын хэмжээнд загвар болсон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалж байгаагийн нэг нь энэ юм. Орон нутгийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэртэй танилцаад, аймаг орон нутгийн онцлогоос хамаарч ирэх жилүүдэд Өмнөговьчуудад үр өгөөжөө өгч ард иргэдийн амьдрал ахуйд ахиц дэвшил гарахуйц шилдэг үйлдвэрүүдийг байгуулах бүрэн боломж байна гэж үзлээ.

Мөн Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-нийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус сургуулийн эрдэмтэн багш нарын баг Өмнөговь аймагт ажиллаж Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаад Орхон аймаг дахь ШУТИС-ийн салбар сургуулийн үйл ажиллагаатай Өмнөговь аймгийн удирдлагууд танилцаж туршлага судлав. Өмнөговь аймгийн Политехникийн коллеж нь тоног төхөөрөмж, сургалт явуулах байр хангалттай сайн учир ШУТИС-ийн салбар сургуулийг байгуулах бүрэн боломжтой юм.

Д.Мишигсүрэн