Завхан аймагт малын гоц халдварт өвчин гараагүй

PDF version

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт өвчин гараагүй хэмээн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Тодруулбал Завхан аймгийн хөрш зэргэлдээ аймгуудад бог малын мялзан, цэцэг зэрэг өвчин гарсан байгаа. Харин Завхан аймгийн хувьд мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй. Бог малын мялзан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан биелэлтийг сайн ханган ажиллаж байна. Мөн МУ-ын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх малын өвчлөлгүй байгаа энэ байдлаа хадгалахын тулд тодорхой арга хэмжээ авах тухай үүрэг чиглэл өгсний  дагуу аймгийн Онцгой байдлын газраас “Завхан аймаг малын халдварт өвчингүй аймаг байхын төлөө” гэсэн уриалга гарган хоёр сарын хугацаатай аяныг зарлалаа. Аяны үеэр мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх мэдээллийг иргэдэд өгөх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалтууд зохион байгуулах ажээ.

Мал эмнэлгийн тусгай дугаараар 24 цаг мэдээлэл авч байна

Түүнчлэн Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар бог малын мялзан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын арга хэмжээг явуулж байна.

Тухайлбал зэргэлдээ гурван аймгийн мал эмнэлгийн албатай хамтран малын мялзан цэцэг өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг иргэдэд хийж байна. Мөн аймгийнхаа 24 сумын Мал эмнэлэг үржлийн тасагтай мэдээлэл солилцон ажиллаж өвчтэй, сэжигтэй тохиолдлын мэдээг мал эмнэлгийн албаны 98846446 дугаарын утсаар хүлээн авах хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна. Одоогоор бог малын цэцэг, мялзан өвчний шинж тэмдэг Завхан аймгийн хэмжээнд мэдээлэгдээгүй байна. Тиймээс Завхан аймгийн мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний борлуулалт харьцангуй сайн байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн