Сагс бөмбөгийн тамирчин хүү дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө

PDF version

Дундговь /МОНЦАМЭ/ Ирэх сард Германы Берлин хотод болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас оролцох шигшээ багийн тамирчин Э. Идэржавхланд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр сургуулийн нь хамт олон хандивын данс нээжээ.

Өнгөрөгч сард Улаанбаатар хотод  U-14 насны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болж өнгөрсөн. Энэ тэмцээнд Дундговь аймгийн баг тамирчид зардал мөнгөгүйгээс оролцож чадаагүй бөгөөд харин шигшээ багийн тамирчин Э.Идэржавхлан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн багт оролцон тоглосон юм.

Түүний тоглосон баг тэмцээний алтан медалийг зүүж, өөрөө шилдэг тоглогчийн шагналыг хүртэн, улмаар ирэх дөрөвдүгээр сарын эхээр ХБНГУ- д болох дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн  оролцох Монголын  шигшээ багт тоглох эрхийг авсан.

Хүүгийн тэмцээнд явах зардал 3.5 сая төгрөг болж байгаа бөгөөд үүнийг түүнд амжилт хүссэн сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр бүрдүүлэхийг сургууль хамт олон нь зорьж байгаа ажээ.

Т. Отгонтуяа