Японы хүүхдийг ивээх сангаас Завханы малчдад тусламж үзүүлнэ

PDF version

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймаг Японы хүүхдийг ивээх сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг зурах үеэр Японы Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгчид аймгийн удирдлагуудад сангийн зорилго чиглэл үйл ажиллагааны талаарх болон төслийн танилцуулгыг хийлээ. Мөн Японы Платформ байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төсөлтэй аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд тус тусын  чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Дашрамд Японы хүүхдийг ивээх сан нь Дэлхийн 129 улсад хүүхдийн сайн сайхны төлөө үйлчилдэг. Тус сангийн төслийн багийнхан гурван баг болж Завханы зорилтот сумдад ажиллаж байгаа бөгөөд төслийн зорилго, үр дүн, танилцуулгыг иргэдэд өгч байгаа ажээ.

Завханы 672 малчин өрхөд тусламж үзүүлнэ

Төслийн хүрээнд Завханы өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдын малчид болон хүүхдүүдэд туслах зорилгоор хоёр төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Эхний төсөл болох “Өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин өрхүүдийг дэмжих нь” төсөлд Завханы  найман сумын зорилтот бүлгийн малчдад хүмүүнлэгийн яаралтай тусламжыг үзүүлэх ажээ. Мөн амьжиргааг дэмжих чиглэлээр Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан зэрэг долоон сумын 672 малчин өрхөд тус бүр 120 орчим мянган төгрөгийн малын тэжээлийн багц болон 180 гаруй мянган төгрөгийн бэлэн мөнгө, өрх тус бүрт 300 орчим мянган төгрөгийн тусламжыг үзүүлэх юм. “Өвөлжилт хүндэрч буй орон нутгийн малчин өрхүүдийг дэмжих нь” төсөл нэг сарын хугацаатай хэрэгжиж ирэх дөрөвдүгээр сард дуусах юм байна.

Зудад нэрвэгдсэн малчдын хүүхдүүдийн боловсролыг дэмжинэ

Харин хоёр дахь төсөл нь Завхан аймгийн зудад нэрвэгдсэн сумдын малчдын хүүхдүүдийн боловсролыг дэмжсэн төсөл ажээ.

“Зудад нэрвэгдсэн хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нь нэг жилийн хугацаатай хэрэгжинэ. Зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, цаашдын чадавхийг хөгжүүлэх зорилготой энэ төсөл хоёр үе шаттай юм байна.  Төсөл Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Завханмандал гэхчлэн найман сумын 9 ерөнхий боловсролын сургууль дээр хэрэгжинэ. Зорилтот найман сумын 9000 орчим хүүхдэд туслах юм байна. Төслийн нэгдүгээр үе яаралтай тусламжийн чиглэлээр зургадугаар сар хүртэл малчдын хичээл завсардсан хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт явуулахаас гадна, сургуулийн орчинд халаалт, унаа тээвэр, ус, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг асуудлуудад дэмжлэг үзүүлэх юм.  Харин хоёрдугаар шат 2018 оны хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр сурлагын хоцрогдолтой хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт явуулж гамшгийн эрсдлийг бууруулах, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургалт, тэтгэлэг, дадлага сургуулилтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Мягмарсүрэн