МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав

PDF version

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, 2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан  Засгийн газраас барьж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хөдөлмөрчдөд танилцуулж,  ард иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонсч иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. 

Энэ үеэр Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “ Бид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дарамтыг багасгах зорилгоор татварыг бууруулж 2018 оноос гаалийн татварыг тэглэх бодлого барьж байна. Хөдөө орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор татварын өртэй 4000 гаруй аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг олгосон. Цаашид Монгол улсын нийгэм эдийн засгийг нэмэгдүүлэх зорилгоор гадны хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж тэдний монголд үйл ажиллагаа явуулах таатай орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлнэ. Мөн ахмадууддаа хишиг олгож эхэлсэн, эхчүүдээ дэмжих зорилгоор 3 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжийг төлөх, хүүхдийн мөнгийг зайлшгүй авах шаардлагатай 60 хувьд эхний ээлжинд олгох, иргэдээ эрүүлжүүлэх зорилгоор элэг нэгт монголчууд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг онцолж байв. Мөн Хөвсгөлчүүд сонгуульдаа идэвхитэй оролцож МАН-ыг сонгосонд та бүхэндээ талархаж буйгаа илэрхийлэх, цаашид хоймор нутагт хамгийн их шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал байгааг газар дээр нь үзэж судлахаар ирсэн” гэдгээ хэлж байлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яваа Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр “Энэ онд Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын сургуулийн барилга концессийн гэрээгээр барилгын ажил нь эхэлнэ, мөн 3 цэцэрлэгийг шинээр барина. Нийтдээ 11 тэрбум төгрөгний 8 ажил боловсролын салбарт хэрэгжиж эхэлнэ” гэдгийг танилцуулав.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яваа Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн “Мөрөн сумын иргэдийн өмнө сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болсон цэвэршүүлэх байгууламжийн асуудлыг Польш улсын хөрөнгө оруулалтаар шийднэ. Нэгдсэн дулааны асуудлыг шийдвэрлэх, баригдаж эхлээд санхүүжилтын улмаас зогссон Зүүн Мөрөн, Шинэ Мөрөн хорооллын орон сууцнуудын барилгын ажилтай танилцаж цаашид ямар арга хэмжээ авах талаар төлөвлөхөөр орон нутагт ирсэн” гэлээ.

Уулзалтын үеэр иргэд Мөрөн суманд өвлийн улиралд 40 гаруй мянган иргэд амьдардаг хотын статустай болох шаардлагатай байна, өвлийн улиралд утаа ихтэй байна энэ асуудалд эртхэн анхаарахгүй бол цаашид гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна, Мөрөн суманд шилжин ирж буй иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа улмаас цэцэрлэгийн хүрэлцээ муу байна зэрэг орон нутагт тулгамдаж байгаа олон асуудлыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тавьж холбогдох албаны хүмүүсээс хариултыг авч байлаа.

Б.Гантуяа