Баяннуур аймгийн боловсролын салбараас туршлага судлав

PDF version

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн цэцэрлэг болон сургуулийн багш эрхлэгч нар ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн боловсролын салбараас туршлага судаллаа.

Ирэх 4 жилд Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд салбар бүрт чиглэсэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-аар батлуулан бодит ажлуудыг хийж эхлээд байгаа билээ. Үүний нэг нь гадаад орнуудад хүмүүсийг сургаж, эргээд эх нутагтаа ажиллуулах юм. Энэтхэг улсад таван багшийг 100 хувийн тэтгэлэгтэйгээр сургахаар саяхан явуулсан бол энэ удаа ӨМӨЗО-ны Баяннуур аймагт туршлага судлах уулзалтыг зохион байгуулсан байна.  
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, БСУГ-ын дарга Г.Бат-эрдэнэ нараар ахлуулсан сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын төлөөлөл Баяннуур аймгийн сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа багш нарын арга зүйтэй танилцаж, сурах орчин материаллаг бааз сайтайн дээр гар доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүнээ хийдгээрээ өвөрмөц, сонирхол татахуйц байсныг  онцолж байна. Мөн үндэсний хэв шинж, уламжлал, монгол ухааныг хүүхдэд төлөвшүүлэхийн зэрэгцээ амжилттай суралцах хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлж чадсан зэрэг суралцах зүйл олон байсныг хэлж байлаа. 


Д.Мишигсүрэн