Улиастайчуудын 60 гаруй хувь нь хуванцар савыг хүнсний зориулалтаар ашигладаг

PDF version

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хуванцар савны хор хохирол, хэрэглээг хязгаарлах талаарх хяналт явуулж мэдээлэл өглөө.

Судалгаагаар Завханы төв Улиастай сумд 5000 орчим айл өрхийн 80 гаруй хувь нь хуванцар саваар ундны усаа зөөвөрлөдөг. Хэрэглээнд хуванцар савыг 77.8 хувь нь байнгын хэрэглэдэг. Цэцэрлэг, сургууль болон хоолны газруудын 62 хувь нь хуванцар савыг байнга хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон. Мөн хэрэглээг дагаад хуванцар савыг худалдан борлуулах явдал хөдөө орон нутагт их байна.  Энэхүү хуванцар савны хор найрлаганд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторит шинжилгээ хийжээ. Үүнээс харахад хүнсний зориулалтын бус хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах тохиолдолд хуванцар савны найрлага дахь хар тугалга болон бусад химийн бодисууд хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр шилжиж, хадгалалтын хугацаа уртсах тутам шилжилтийн хэмжээ нэмэгдэж байна. Уг бохирдсон хүнсээр дамжиж хартугалга болон бусад химийн бодисууд хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, бусад эд эрхтэнд өвчлөл үүсгэх эрсдэлтэй байгаа талаараймгийн МХГ-аас мэдээллээ.  Түүнчлэн хэрэглээнд хэдийнээ гарсан хуванцар савыг иргэн та хэрэглэх гэж байгаа бол “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй . хүнсний зориулалтын бус хуванцар савыг цаашид хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг аль болох хэрэглэхийг багасгахыг анхааруулан сэрэмжлүүллээ. Мөн “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй гэдгийг дуулгав.

Б.Мягмарсүрэн