БНСУ- ын Хөдөлмөрийн баатар Ха Са Юн Гурвансайхан сумын иргэдтэй уулзав

PDF version

Дундговь/МОНЦАМЭ/ БНСУ- ын Хөдөлмөрийн баатар Ха Са Юн Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдтэй өнөөдөр уулзав.

Гурвансайхан сумын хувьд иргэдийнхээ оролцоотойгоор “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж, сумын төвийн шинэчлэлийг амжилттай эхлүүлсэн. Энэ нь Солонгос улсын хөгжлийг түргэтгэсэн “Шинэ тосгон” хөдөлгөөнтэй ижил төстэй бөгөөд энэ утгаар тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн  ноён Ха Са Юнг нутагтаа урьсан нь энэ ажээ.

Өмнөд Солонгос улс 1970- аад оны дунд үеэс эрчимтэй хөгжиж эхэлсэн түүхтэй. Энэ хөгжилд түлхэц өгсөн “Бусдаас түрүүлж хөдөлмөрлөх, арвич хямгач байх, хадгаламжаа тогтмол нэмэгдүүлэх” гэсэн санааг анх ядуу тариачин гаралтай Ха Са Юн гаргаж байсан гэдэг. Тэрээр “Шинэ тосгон” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд ядуу тариачнаас БНСУ-ын хөдөлмөрийн баатар, тэрбумтан болсон хүн юм.

Ноён Ха Са Юн Гурвансайхан сумын иргэдтэй уулзахдаа ч мөн ард түмнээ хөгжилд хүргэсэн дээрхи зарчмыг захиж хэлсэн байна.”Эхлээд сайн хөдөлмөрлө. Биеэ дайчил. Хөгжил бол өөрсдөөс шалтгаалдаг. Тэгээд мөнгөө хуримтлуул. Үүнийгээ үр хойчдоо бахархан үлдээх зүйлд зарцуул” хэмээн онцлон хэлсэн байна.

Цаашид тус сум “Монголын шинэ тосгон” хөдөлгөөнтэй хамтран ажиллахаар болсныг сумын ЗДТГ- ын дарга Б. Энхтуяа мэдээллээ.

Т. Отгонтуяа