top banner
Шуурхай мэдээ

Гоёлоор соёлыг түгээгч "Монгол костюмс"


2017-02-07 16:35:31
Зураг

Загварын ертөнцийн амьд бурхдын нэг, “Прада өмсдөг чөтгөр” Анна Винтур өнгөрсөн зун Glamour сэтгүүлийн “Оны шилдэг эмэгтэй” шалгаруулах 26 дахь удаагийн ёслолд монгол дээлтэй ирж олны нүдийг орой дээр нь гаргасан билээ.

Дуулиан шуугиант загварын ертөнцөд хэв маягаараа ялгарч, хийсэн бүтээснээрээ танигдсан энэ хатагтайд дээл таалагдсан нь удахгүй монгол хувцасны эрин үе ирэхийн дохио хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөгнөсөн сөн. Энэхүү зөгнөл хэдийнэ биеллээ олоод эхэлснийг мэдээлэх завшаан олдсонд таатай байна.

 

 

 

 

 

Чингис хааны байгуулсан Их Монголын эзэнт гүрний 800 жилийн ойгоор үндэсний хувцсаараа гоёсон монгол залуусын парад Төв цэнгэлдэх хүрээлэнд гэнэт орж ирсэн нь “Монгол костюмс” компаний анхны томоохон тайлан тоглолт байв.Тун удалгүй тэд Америк дахь НҮБ-ын төв байр, Франц дахь ЮНЕСКО-гийн эрхэмсэг харшид загварын амьд содон үзүүлбэрүүдээ үзүүлж монгол үндэстний хувцсыг дэлхийн тавцанд гаргаж ирсэн билээ. Үндэсний хувцас бол гоёл биш соёл гэдгийг мэдрүүлж, соёлоороо гоёхын утгыг орчин үед чангаар “шивнэсэн” энэхүү үйл явдлын дараа залуус “Дээлтэй Монгол” хөдөлгөөн өрнүүлж энэ нь өдгөө бидний мэдэх уламжлалт ёслол болтлоо өргөжсөн юм. Ийнхүү үнэт соёлоос үйл үртэс дэлгэрч, үр дүнгээс нь брэнд мэндэлсэн түүхтэй.

2003 онд хоёрхон оёдлын машинтай үйл ажиллагаагаа эхэлсэн Б.Сувд захирал хожмоо оёдлын үйлдвэр, хувцасны салон, номын сан, судалгааны төв, үзүүлбэрийн танхим, үйл урлалын музейтэй “Монгол костюмс” хэмээх цогц бизнесийн төсөл болон өргөжих ирээдүйгээ сэтгэлдээ зурж суусан гэх. “Оролдлого сайт оройд нь” хэмээх үг биеллээ олж тун удалгүй бизнес нь өргөжиж брэнд нь танигдаж эхэлжээ. Тэр одоо ч загварын тоо ширхэг, хувцасны үйлдвэрлэл гэх үгнээс цээрлэж цэрвэдэг. Учир нь түүний бизнес бол соёлын бүтээлч үйлдвэрлэл гэх онцлог шошготой.  Энэхүү шошго бол үнийн дүн бичсэн цаас биш үндэсний хувцасны антологи, каталоги бүхий судалгааны тэвэр тэвэр ном бүтээж тэндээсээ бүтээгдэхүүн гаргасан тун чиг баялаг зүүлт байсныг шилэн хоргон дахь хувцасны үнэт үзмэрүүд хийгээд ширээн дээрх зузаан зузаан каталоги нь гэрчлэх аж. Бүгдэн дээр нь “Монгол костюмс”-ын дардас лого дурайна. Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс орчин үеийн Монгол Улс хүртэлх хоёр мянганыг давсан он цагийн хэлхээнд бүдгэрч амжаагүй хувцасны соёл энэ цагийн урчуудын гараас эрхэм нандин учиг шингээн шинээр мэндэлсээр. Төрт улсуудын түүхэн ой тохиох үес хуучин өвөө шинэчлэх, хувцас хэрэгслээ бүтээлгэх захиалга музей үзмэрийн газруудаас ирдэг гэнэ. Ийнхүү “Монгол костюмс”-ийнхан 21 дүгээр зууны монголчуудыг хувцаслахаас гадна холын түүхийн улбааг тодруулах эрдэм шинжилгээний үйлдвэрлэл эрхлэх нь ч бий.

“Монгол костюмс”-ийн захирал Б.Сувд хатагтай өнгөрсөн зууны 80-аад онд Украйны Киев хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг Загвар зохион бүтээгч инженер мэргэжлээр төгссөн. Түүнийг эх орондоо ирэнгүүт хариуцагч  байгууллага буюу тухайн үеийн Үнэ стандартын улсын хорооны дарга, хожмоо Монгол Улсын Ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэн гуай түүнд монгол хүний биеийн хэмжээ онцлогийг судлах даалгавар өгчээ. Ийнхүү малчны хотноос ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2000 онд “Монгол хувцасны элемент бүхий орчин үеийн хувцасны загвар зохион бүтээлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. 20 жилийн хугацаанд шаргуу судалсан энэ л зүйл нь түүнийг монгол үндэсний хувцас загварын өв соёл болон бизнесийн урсгал руу өөрийн эрхгүй татан оруулсан гэх юм билээ. Дорны хувцасны соёл гэхээр Японы кимоно, Энэтхэгийн сари, Солонгосын хамбуг, Манж дээл зэрэг үндэсний этгээд содон хувцас хэн бүхний нүднээ зурсхийдэг бол өнөөдөр өвөг Хүннүгээс өнөөгийн Монгол хүний эдэлгээ хэрэглээнд хэвшсээр ирсэн монгол үндэсний хувцас-дээлийг дэлхий нийтээрээ мэддэг болсон нь “Монгол костюмс”-ийнхний эрс шаргуу бүтээлч хөдөлмөр, авъяаслаг судлаач, загвар зохион бүтээгчдийнх  амжилтаар бүтээгдсэн нэрийн хуудас юм.

 “Монгол костюмс”-ыг гадаад ертөнцөд таниулахад Монгол Улсын үе үеийн тэргүүн хатагтай нар онцгой үүрэг гүйцэтгэжээ. Учир нь тэд албан ёсны арга хэмжээ, айлчлалд үндэсний үйлдвэрлэгч тус компаний монгол брэндийн хувцсыг сонгодог уламжлалтай. Мөн тэргүүн хатагтай нар Монгол Улсад зохиогдсон олон улсын томоохон арга хэмжээнд уригдсан хүндэт зочдын гэргий нарт тэднийхээс эрхлэн гаргасан монгол хувцасны түүхэн танилцуулга бүхий каталогийг гарын бэлэг болгон дурсгадаг.

 Ийнхүү “Монгол костюмс” хэмээх монгол үндэсний хувцасны брэнд Азид төдийгүй Европт өөрийн гэсэн орон зайтай болж сонирхогч, захиалагч, хэрэглэгчдийн тоо нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Дэлхий нийт даяаршихын хэрээр түүхийн улбааг нөхөн тодруулсан этгээд содон эдлэл хэрэглэлд дурлах хувь хүний дангааршил давамгайлж байгаа 21 дүгээр зуунд нүүдэлчдийн хувцасны давтагдашгүй соёл нь эргээд нэгэн цогц гоёл болж  брэнд үйлдвэрлэгчдийн эгнээнд жагсаж эхэлсэн нь энэ.

 “Монгол хувцасны хамгийн гол онцлог юу вэ” гэсэн асуултад Б.Сувд хатагтай хариулахдаа, “Нүүдэлчдийн хувцас хүн төрөлхтний олон хувцасны эхлэлийг тавьж байсан нь судалгаанаас тодорхой харагддаг. Хамгийн гол нь биед маш эвтэй, шинжлэх ухааны болон эрүүл мэндийн томоохон давуу талтай. Манай үндэсний хувцас бол соёл ч мөн, гоёл ч мөн” гэж хэлсэн. Мөн тэрээр монгол үндэсний хувцасны гоёл чимэглэлийн гол элемент болох хээ угалзны талаар сонин баримт дэлгэсэн юм. “Бүх хээ Монголоос үүдэлтэйг батлах боломжтой. Хээ, хуар бол мал амьтны эвэр, туурайн мөр юм. Үүнийг хадны сүг зургаас тодорхой харж болно. Эдгээр нь он цагийн уртад хувирч, шинэчлэгдсээр өнөөдөртэй золгосон. Манай үндэсний хээ гэхэд л хэчнээн түм, бумаар тоологдохыг бүү мэд. Бид үүнийгээ бүртгэж, өмчлөөгүйд л хэргийн учир оршиж байна. Гэхдээ удахгүй олон зүйл монголчуудын бүтээсэн соёлоос эхтэйг батлах цаг ирнэ” хэмээн ярьсан юм. 

“Монгол костюмс”-ийн үндэсний хувцасны брэндийн бусдаас ялгагдах гол онцлог нь уламжлал шинэчлэлийн торгон заагийн хээг нийлүүлж чадсанд оршдог. Тиймдээ ч нүд хужирлаж сэтгэл сэргээм өнгө хэлбэрийн төгс шийдэл бүхий, урлагийн бүтээл мэт хувцас эдлэлүүд орчин үеийн загварын ертөнцөд од мэт содон тусдаг биз ээ. Б.Сувд захирлын цуглуулгад Хүннүгээс эхлээд Ардын хувьсгал хүртэлх 150 орчим дээл, үндэсний хувцас байдаг. Археологийн дурсгалуудыг судлан тухайн үеийн дээл хувцсыг дуурайлган урлаж бүтээжээ. Тэрээр одоо цаг, түүх хоёрыг маш чадмаг холбосон нэгэн. Түүний харагдах өнцөг нь орчин үеийн авъяаслаг загвар зохион бүтээгч. Гэтэл хөшигний ард тэрээр түүхийн бүх цаг үеэр зорчин, хувцасны соёлыг хуниас нугалаасаар нь  нэгжиж суудаг судлаач хүн. Хувцсны шилдэг загвар шалгаруулах “Гоёл” наадмыг анх санаачилж, Монголын дизайнеруудын холбоог үүсгэн байгуулсан гавъяатай.

“Монгол костюмс” байгуулагдсаныхаа дараах жил нийслэл хотын томоохон галерейд “Монгол хувцас” үзэсгэлэн гаргаснаас хойш тэдний нэр тайз дэлгэцээс салаагүй. Үүний удаахь жил буюу 2005 онд ОХУ-д болсон “Торгон зам” олон улсын фестивальд оролцон Гран При хүртсэнээр амжилтын гараагаа эхлүүлсэн.

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дээр дурдсан үндэсний хувцасны алдарт парадаа хийж 2007 онд “Дээлтэй Монгол” наадмыг санаачилж, мөн ондоо ХБНГУ-ын Берлин, Штутгард хотноо “Загварын ертөнц-Монгол Улс” үзэсгэлэн гаргаж, АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Арт экспо” олон улсын үзэсгэлэнд загварын коллекцоо толилуулж, ОХУ-ын Москва хотноо болсон “Этно Эрато” олон улсын тэмцээнээс Гран При хүртэж , Францын Парис, Японы Нагоя, Тайваний Тайпэй хотод загварын үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ. 2008 онд Америкийн Вашингтонд болсон загварын долоо хоногт Монгол улсаа төлөөлж, Австрийн Вена, Германы Фрайбург хотноо болсон “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг үндэсний хувцасны үзүүлбэрээрээ чимж “аялан тоглож”, алдаршин танигдсаар байлаа. Энэ хугацаанд Монголдоо ч брэндээ таниулах, үндэсний хувцсаа сурталчлах ажлаа орхигдуулаагүй юм. Тухайлбал, 2005-2009 онуудад “Гайхамшигт монгол хувцас” олон улсын наадмыг зохион байгуулж, “Ижий бурхад-театр мода”, “Үлэмжийн чанар-театр мода” загварын театрчилсан тоглолтууд, “Дээлтэй Монгол” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монгол дээлний баяр” арга хэмжээ хийж Монгол Улсын аймаг, сумдаар загварын үзүүлбэрүүдээ аялуулж байв. Мөн монгол туургатны дунд үндэсний хувцасны олон чухал арга хэмжээ зохион байгуулж Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тувад аялж загваруудаа үзүүлжээ. 2010 онд Хятадын Шанхай хотод Дорно дахины хувцас шинжлэлийн олон улсын симпозиумд оролцож 2011 онд Америкийн Чикагод “Miss Mongolia USA”, Лос-Анжелост “Монголын соёлын өдрүүд”-д  загварын үзүүлбэрээ толилуулж, Орос, Франц, Солонгос, Вьетнам, Турк, Итали, Индонезид олон улсын фестсваль, загварын шоунд оролцон НҮБ-ын төв байр, ЮНЕСКО-д үзүүлбэрээ тавьжээ.

Бүхий л цаг үеийн янз донжийг хувцас загвар бэлхнээ илтгэдэг. Чухам тиймээс л аль ч газрын соёл иргэншлийн түүхийг бүтээж буй хамгийн тод өнгө бол хувцас загвар гэж томъёолж болмоор. Харин Монголын загварын ертөнцөд “Монгол костюмс” хэмээх брэндийг төрүүлж  эртний соёлыг энэ цагийн даавуунд шинэ үеийн гоёл болгож яваа Б.Сувд хатагтай “Би юуг ч төгс гэж хэлж чадахгүй. Бурхны бүтээлд ч гэсэн эргэлзээ бий шүү дээ. Харин хүмүүс төгс байхын тулд л бүтээж, туурвиж байна. Тиймээс бид бүхнийг төгс руу ойртуулах гэж хичээдэг” хэмээн ярьсан. Тийм ээ, хүн төрөлхтөн төгс ертөнцийн төлөө урагшаа алхсаар байна. Ийнхүү алхахдаа аяншин ядрах биш урамшин инээмсэглэх ёстойг “Монгол костюмс” брэнд уриалдаг. Инээмсэглэл бол хамгийн сайхан хувцас билээ.

Б.Занданхүү


Монгол брэнд