top banner
Шуурхай мэдээ

Яруу найрагч О.Дашбалбарын 60 насны хишиг буяныг дамжлалцахын учир...?


2017-02-14 12:49:48
Зураг

Саяхны амралтын хоёр өдрийг салхитай, найрагтай, цастай,цөстэй, сахилтай, нэхэлтэй...юм юмтай л өнгөрөөлөө! Монголын яруу найргийн сод тод төлөөлөл болсон Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном, О.Дашбалбар хоёрын төрсөн өдөр давхцсан нь олон шүтэн бишрэгчдийг нь хөөргөн баясгасныг үл өгүүлэн өгүүлэх нь; тэр өдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдрийг ч бивээр бас л олноо даган баясаж " Яруу найрагчид аа! Яаж орчлонгоо аврах вэ?" хэмээсэн нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж гуайн амьддаа уулга алдсан үгээр шошголон " Ер нь энэ өдрийг яруу найрагчдын өдөр болговол яасан юм бэ?" гэж догиосон...

Тэгтэл ч Орхон аймаг буюу Эрдэнэт хотод суугч яруу найрагч Н.Батсуурь эрхэм андынхаа төрсний 60 насны ойд зориулан яруу найргийн " Тусгаар тогтнол" наадам хийх боллоо...хот хөдөөгийн найрагчид минь ирээч гээд уриалаад эхэллээ...! Фэйсбүүк ертөнцөар урилга заллага нисээд эхэлсэн...ярин хөөрсөөр амралтын өдөр тул давхиад очим...зарим нэг найрагчид ч очих сурагтай...очихоор эрс шийдэв...! Санаачлагч, зохион байгуулагч Н.Батсуурь ахтан ч заавал ир...энд нэг юм болох нь болно...тэгэхдээ дүү хүү шүүгч хийвэл зүгээр байна ...гээд гуйлаа...!
Очирбатын Дашбалбараа дурсах далим болоод онцлох нэгэн урилга тул " Үгүй" хэмээж чадсангүй. Найрагч зарим нөхөд цуг явж амжихгүй болсон ч очноо гэснээрээ явахаас аргагүй...явлаа даа!
Очихноо, тархиа барьж, зүрхээ дарсан, сахлаа шувтарч, санаа алдсан нэгэн эр санд мэнд угтав!
Юм бүхнийг ганцаархнаа хийх гэж бухимдан, наана цаана бүтэх бүтэхгүйн цухалд баригдан суувч, сайн санаат нөхдийн дэм авсан тул санаачилсныг дуусгахад нь туслахаас аргагүй ээ...!

Улс төрийн овилгогүй шийдэл шиг уран зохиолын ойворгон шийдвэр ч энд тэнд гарсаар буйн нэг жишээ цухалзаад л байлаа! Элдэв шалдав үгс ч сонсогдоно! Яавч яруу найргаа хайрлах, яруу найрагчаа хүндлэх сэтгэлийг огоорч орхимгүй цаг иржээ! Дашбалбарын 60 насны ойн тухай ганцаараа дуугараад, юм хийх гэж ядаад байгааг нь бодоод Н.Батсуурь ахайтныг ихэд өрөвдлөө!

Юутай ч оройтон очсон тул эс бусыг нэг их чухалчлалгүй...маргаашийн найргийн наадмын голыг нь үзье гэж шийдэв! Өглөө ч хотоос хоёр найрагч дүү ирэв...хотынхон ер нь чимээ имээ бага болж, ирэх барих хүн ч цөөрчээ! Хотоос ирсэн дүү нарын амнаас хов живийн бага сага үг сонслоо! Тэр ч яахав...эндээ юу болдог бол?
Эрдэнэт хотын "Уурхайчдын ордны өмнө нэхий шиг өлгөсөн сурталгааны зараас доройдуухан ч гэлээ Дашбалбарын найргийн зар намирч л байна...Түүний дэргэдэх кино зар...нэгэн залуу дуучин бүсгүй хөрөг зураг зар бол томоос том дориун л намирч байна..." ЯРУУ НАЙРАГ, ЯРУУ НАЙРАГЧДЫН МИНЬ ОРОН ЗАЙ ИЙМ Л БОЛЖ...ИНГЭЖ Л ЖИЖГЭРЧ БАЙГААМ БАЙХ ДАА" гэж дотроо л гаслав!

Яах вэ...цэргийн залуус цэмбийтэл суугаад танхимыг халуун дулаан атлаа цэгцтэй болгожээ! Харин цэцэг барьсан хүүхэн, жирийн үзэгч тарамдуухан...
Яруу найргийн наадамд бүртгэснээр 20 гаран шүлэгч, найрагч ирсэн бололтой.
Тайзнаа өрсөн сандал дүүрэхээр, мандатаа зүүсэн найрагчдыг зарлан заллаа...найргийн наадамд эрдэнэтийн нас насны шүлэгчид иржээ!
Нэн чөлөөтэй...нэгэн шүлэгтээ баригдахгүй гурван даваагаар явууллаа.
Нэгийн даваанаас 15-ыг сугалан үлдээлээ...эндээсээ 5-ыг сорчлон түүлээ!
МУСГЗ яруу найрагч Дашдондовоор өнгөлж, МЗЭ-ийн шагналт найрагч Мандахсан тэргүүтнээр түүчээлж, дөрвөн найрагч бүсгүйгээр бөгжилсөн найргийн дугараа дажгүй өрнөлөө.
МУСГЗ найрагч Дашдондов болон Дашбалбарын багын найз шүлэгч Бадамсамбуу нар эрхэм найрагчид зориулсан шүлгээ эхэлж
уншчихаад үндсэн уралдааны шүлгээ уншив. Энэ бол чөлөөтэй, дотоод сэтгэлээ уудлах хүндэтгэл юм... Энэчлэн шүлэг бүхэнд оноо өгч завсарлах бүхэнд найрагчид шүлгийн мялаалгаа өргөсөөр байв...МУСТА, Улсын тэргүүний уран сайханч, ерөөлч, морь, бөх цоллооч Б.Адилбиш яруу найрагч О.Дашбалбарын дууг дуулж үзэгчдээ баясгалаа.
Маршал Г.Дэмидийн нэрэмжит 186 дугаар ангийн дайчид шүлгийн наадмыг чимж, үзэгчдийн цөм болсон тэдэнд ч найрагчид шүлгээ зориулан унших нь халуун алга ташилтаар танхмыг доргиолоо!
Төрийн шагналт яруу найрагчО.Дашбалбарын нэрэмжит яруу найргийн тэмцээнийг сурагчдын дунд дөрвөн ч удаа зохиож байсан доктор М.Толя энэ өдрийн сонин, содон хүний нэг байв.
Шүлэгчдээс эхний тавд тэмцээнийг санаачлагч, нэрт найрагчийн анд Н.Батсуурь, залуу яруу найрагч Т.Дарханхөвсгөл, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Мөнхбаяр, МЗЭ-ийн шагналт Д.Мандахсан, залуу яруу найрагч Б.Баярмаа нар цолгорон үлдэв. Зүтгэл, сэтгэлийн дэмээр Н.Батсуурьт тэргүүн байр оноож, дэд байрыг Т.Дарханхөвсгөлд, гутгаар байрыг айргийн тавд үлдэх гэж яруу найрагч Отгонбаяртай оноо тэнцэн , хөлсөж байж цоройсон Н.Мөнхбаяр нарт өглөө. Дөрөвт 86 настай, найрагч Д.Мандахсан, тавд дөрвөн бүсгүйгээсээ тунасан Б.Баярмаа нар өргөмжлөл хүртлээ.Тусгай байрыг МЗЭ-ийн шагналт Н.Батжаргалд хүртээв.
Эдгээр яруу найрагчид болон М.Толяд Очирбатын Дашбалбарын хүү, хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн ХЗДС-ийн багш Д.Гангабаатар аавынхаа номын дээжээс гардуулж баяр хүргэлээ.
Н.Батсуурьт Дашбалбар сангийн цом гардуулсан.Мөн Эрдэнэт хот дахь Сүхбаатар аймгийн зөвлөл тахиа жилийн тэргүүнт яруу найрагчид Тахианы баримал бэлэглэн билэгдэж байна лээ. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Дашдорж " Энэ жилийнх нь Тахиа жилийн билгэдэл авлаа...дараа жилүүдэд тэмцээний тэргүүлэгч яруу найрагч тухайн жилийнхээ билэгдлийг ийнхүү аваад байхын билэгдэл юм" гэлээ...Бас л бодох ч, санах ч сайхан л билэгдэл гэлтэй!
Яруу найрагч Очирбатын тэгш ойн өдөр буюу 60 насных нь ойд зориулсан орон нутагт анх болсон яруу найргийн наадам ийм л сонинтой боллоо!

2017.02.12...11-15 цагун дору...Орхон аймаг.Эрдэнэт хот...Уурхайчдын соёлын ордон...

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан


Сурталчилгаа
Монгол брэнд