top banner
Шуурхай мэдээ

Өнөөдөр бол Олон улсын эх хэлний өдөр


2017-02-21 13:13:47
Зураг

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Өнөөдөр бол Олон улсын эх хэлний өдөр. Эх хэл, соёлын олон янз байдал болон олон хэлний талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 1999 онд НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/ жил бүрийн хоёрдугаар сарын 21-нийг “Олон улсын эх хэлний өдөр” болгон зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.

Энэ өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхтэй. Өөрийн эх хэлээрээ бичих эрхээ хамгаалахын тулд хийсэн нийгмийн хөдөлгөөн нь энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэж эхлэх үндэс суурь болсон байна. Тодруулбал, 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор одоогийн Бангладешийн нийслэл Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийх үеэр цагдаа нар гал нээж, таван хүнийг буудан хөнөөжээ. Эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэж байгаад амиа алдсан эдгээр хүний дурсгалыг хүндэтгэн энэ өдрийг бангладешчууд ”эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.

Хэл бол биет болон биет бус өвөө хадгалан үлдэж, хөгжүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл юм.

“Олон улсын эх хэлний өдөр-2017”-г  “Олон хэлний боловсролоор дамжуулан тогтвортой ирээдүйг бий болгох нь” сэдвийн хүрээнд дэлхий даяар тэмдэглэж байна.

Г.Доржханд

 

 


Сурталчилгаа
Монгол брэнд