top banner
Шуурхай мэдээ

Монгол сүүг малчны хотноос таны гэрт


2017-02-22 14:01:38
Зураг

Монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүнийг ерөнхийд нь “Цагаан идээ” хэмээн нэрлэдэг бөгөөд уламжлалт аргаар хийсэн 70 гаруй төрлийн цагаан идээг хүнсэндээ хэрэглэдэг. Цагаан идээний гол түүхий эд болох сүү нь Монголын гэх онцлогтой, давтагдашгүй шинж чанарыг агуулдаг юм.

Учир нь жилийн дөрвөн улиралтай Монгол Улс байгаль цаг агаартаа дасан зохицсон монгол малаа өсгөн үржүүлж өнөөдөртэй золгосон бөгөөд унаган төрхөөрөө оршин байгаа Монголын атар онгон бэлчээрт өвсний сайныг идэж усны тунгалгийг ууж тарга тэвээрэгтэй онд ордог монгол малын сүү ямарч химийн хольцгүй натурал хүнс билээ. Эртнээс нааш таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэн эрүүл хүнсийг чухалчлан амьдарч ирсэн монголчууд саах сүүнийхээ хэмжээнд биш чанарт анхаарч, мал сүргээ ойр ойрхон давтамжтай бэлчээр нутаг сэлгүүлж отор нүүдэл хийж ирсэн уламжлалтай. Тиймээс ч сүүний гарцыг биш чанарыг эрхэмлэсэн “Дэлэндээ биш хэлэндээ” хэмээх хэлц бий болжээ.

Монголчууд сүү цагаан идээ боловсруулан ашиглах болсон нь маш эрт үеэс эхлэлтэй бөгөөд 2000 гаруй жилийн тэртээ эртний Хүннүчүүд сүү, цагаан идээгээр элбэг дэлбэг, айраг исгэн, ааруул хурууд хийж иддэг байсан сурвалж бий. Харин Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний анхны үйлдвэр байгуулагдсан нь өдгөөгөөс 60-аад жилийн өмнө. 1958 онд нийслэлийн хүн амыг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хуучны ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, ЗХУ болон Европын орнуудын техник хэрэгслээр тоноглогдсон, хоногт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, Монголын анхны сүүний үйлдвэр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ашиглалтанд орсон юм. Энэ нь Монгол улсын сүү боловсруулах үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэл байв. Дэлхийн хоёрдугаар дайны уршгаар Монгол оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ялангуяа гурил, будаа, цай, элсэн чихэр зэрэг хүнсний зүйл туйлын ховор байсан тухайн үед Монгол Улсын хүнсний салбарт цоо шинэ үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болж хүн амын хүнсний хангамжид бодитой нэмэр оруулж байсны нэг жишээ нь 1941 онд байгуулагдсан цөцгийн тосны үйлдвэр юм. Энэхүү үйлдвэрийг түшиглэн байгуулсан сүүний үйлдвэр ашиглалтад орсноор Монгол орны сүү, тосны үйлдвэрүүд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах  болсон төдийгүй 1946 онд 300 тонн цөцгийн тосыг экспортолсон мэдээ байдаг. Өвөг дээдсээс уламжлан ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, сүүлийн үеийн технологи, инновацид тулгуурлан байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж буй “Сүү” компаний сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг бид энэ удаа онцлон танилцуулахыг зорилоо.

Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсан ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоотой тус компани 2500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгоод байна. “Малчны хотноос таны гэрт уриатай, хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай “Сүү” хувьцаат компани 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дэлхий нийтийн хүнсний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөн хэрэглэгчид байгалийн, шинэ, органик бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийг хичээх болсон энэ цаг үед тус үйлдвэрийн сүү, тараг, жүүс, ундаа, ёогурт, зайрмаг, аарц, ааруул, цөцгийн тосны эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.

2011 онд “Сүү” ХК нь баруун бүсийн аймгуудыг чанарын өндөр түвшинд боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Эрдэнэт хот дахь салбар үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ. Бүрэн автомат, сүүлийн үеийн техник технологиор бүрэн хангагдсан тус үйлдвэр хоногт 40 тонн сүү боловсруулж 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Эрдэнэт Сүү Эко” ХХК нь Орхон, Сэлэнгэ, Булган аймгийн 10 гаруй чиглэлийн 600 гаруй малчдаас жилийн дөрвөн улиралд тасралтгүй сүү татан авч, экологийн цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн “Сүү” компани 2009 онд аарц, цөцгийн тос үйлдвэрлэх зорилгоор Хэнтий аймгийн Батширээт суманд хоногт 10 тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд оруулсан билээ. Цөцгийн тосоороо Монголдоо алдартай тус бүс нутагт ийнхүү үйлдвэрлэлээ эхэлснээр орон нутгийн брэндийг олон улсын зах зээлд хүргэж өгсөн юм. Энэхүү үйлдвэр нь Хэнтий аймгийн Батширээт сумын 200 гаруй малчдаас зуны улиралд сүү татан авч экологийн цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Хүн өдөрт 200 грамм сүү ууснаар биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудаа олж авдаг тухай эрдэмтдийн судалгий бий. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал АНУ-д иргэд нь насны ангиллаараа сүүг өдөр бүр тогтмол хэрэглэдэг байна.

Энэ жишгээр тооцож үзвэл манай орны хувьд нийт сүүний хэрэглээ 204,4 сая литр байх ёстой. Гэтэл 2012 оны байдлаар Монгол улсын сүүний хэрэглээ 41,8 сая литр буюу өдөрт нэг хүнд ноогдох сүүний хэмжээ дөнгөж 40 грамм байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Энэхүү тоон үзүүлэлт нь хүн өдөрт сүүнээс авах ёстой амин дэмүүдийн дөнгөж 20 хувийг л авч байна гэсэн үг. Энэ нь сүүлийн үед Монголд дэлгэрээд байгаа чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж буй шүд, ясны сийрэгжилт, кальцийн дутагдалд орох шалтгааны нэг юм. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарласан тус компани өдөр бүр сүү ууж, сүүн дэх байгалийн хамгийн зохист хэмжээтэй амин дэмүүдийг тогтмол хэрэглэж, эрүүл мэндээ дэмжихийг уриалан “Сүүгээр эрүүлжье”, “Халуун илчээ түгээе”, “Амьдрал бэлэглэе” аяныг орон даяар өрнүүлсэн юм.

Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс эхлэн хоол унд, явдал мөрийн дэглэмийг чанд сахиж, аливаа өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж, бие махбодоо хоол ундаар шимжүүлэн, өвчин эмгэгийг анагаах баялаг туршлага хуримтлуулсаар ирсэн билээ. Тиймээс ч Монголын эртний уламжлалт хоол хүнсний зонхилох байр суурийг цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг юм. Монголчууд цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилдаг бөгөөд идээний зүйлд нь ааруул, хурууд, бяслаг, өрөм, шар тос, зөөхий, цөцгий, ээзгий зэрэг багтах ба ундааны зүйлд нь уураг, сүү, эсэг, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог хийгээд нэрмэл архи ордог. Сүүний төрлүүд нь бүгд амтлаг, шингэхдээ ч мөн амтлагаар шингэх бөгөөд тослог, бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэж, бадганыг үүсгэх чадалтай юм. Сүүний уураг нь амархан нийлэгшдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн нийт тэнцвэржилтийг сайжруулдаг. Харин хүхэр агуулсан амин хүчил нь хортой бодисыг саармагжуулахын зэрэгцээ тос нь биологийн идэвхитэй уураг, лецитиний иж бүрдэл, чухал арахидоны хүчлийг агуулдаг аж. Нүүрс ус нь сүүний хүчил, лактозыг агуулдаг бол кальц нь шингэц сайтай, аскорбины хүчил, тиамин, токоферол, холин, каротин, В2, А зэрэг витаминын иж бүрдлүүд ашигтайгаар тэнцвэржсэн байдаг. Холестрины түвшинг зохицуулж, судас хатуурахын эсрэг үйлчилж, хоол боловсруулах булчирхайн шүүрлийг бага цочроодог аж.

Байгаль дээр орших олон төрлийн хүнснээс хүний биед юугаар ч орлуулшгүй амин дэм, шим тэжээлт бодисыг агуулдаг төгс бүтээгдэхүүний нэг нь сүү юм. Сүү нь өөрөө бие даасан хүнсний үнэт бүтээгдэхүүн төдийгүй төрөл бүрийн цагаан идээний түүхий эд болдог. Мөн эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой хүнсэнд тооцогддог. Үүнээс гадна сүү нь монголчуудын хувьд зөвхөн хүнс биш зан үйлийн томоохон хэрэгсэл болж ирсэн уламжлалтай. Сүүгүй үдэлт угталт, найр хурим байхгүй. Ямар нэгэн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд сүү онцгой үүрэг гүйцэтгэнэ. Монголчууд эхийн ариун сэтгэл, сайн сайхан бүхнээ цагаан сүүтэй зүйрлэдэг бэлгэдэлч ард түмэн билээ.

Орчин үед сүү, сүүн бүтээгдэхүүн хүнс тэжээлийн голлох хүчин зүйл болж нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь улс орны үндэсний хөгжлийн түвшний чухал үзүүлэлтүүдийн нэг болжээ. Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” хувьцаат компани нь 59 дэх жилдээ нийслэлийнхээ төдийгүй орон нутгийн хэрэглэгчиддээ зориулан экологийн цэвэр бүтээгдэхүүнээ өргөн барьж байна. Монгол Улсын Хүнсний тухай хуульд “Стратегийн хүнс”-ээр монгол хүний бие физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, монгол үнээний сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг нэрлэсэн байдаг.

 “Сүү” компаний хувьд аль нэг бүтээгдэхүүн нь биш “Сүү” ХК хэмээх нэр нь өөрөө брэнд юм. Орчин үеийн янз бүрийн дэвшилтэт технологиор боловсруулж, савласан бусад бусад компаний “хольцтой” сүүн бүтээгдэхүүн, импортын сүүнүүдээс амт, чанарын хувьд жинхэнэ натурал гэдгээрээ тэдний бүтээгдэхүүн эрс ялгардаг. Сүүны хадгалалтын уртасгах зорилгоор химийн бодис холих, тетрапакаар савлах зэргээр улс орон бүхэн шинэ турилт сорилуудыг хийсээр байгаа билээ. Харин “Сүү” компаний бүтээгдэхүүнүүд байгальд ээлтэй, натурал цаасан савлагаатай бөгөөд гэрийн нөхцөлд гурав хоногоос илүү хугацаагаар байлгасан тохиолдолд шууд ээдэж гашилдаг. Сүү нь ээдэхгүй хадгалагдаж, сүрэг нь бэлчихгүй тэжээлгэдэг болсон энэ цаг үед бэлчээрийн монгол малынхаа хольцгүй натурал сүүгээр хүн ардынхаа хэрэгцээг хангаж байгаа тус компаний бүтээгдэхүүнийг сүүлийн үед гадаадын хэрэглэгчид ихээхэн сонирхох болсон нь “Монгол сүү” хэмээх брэндийг дэлхий нийт таньж байгаагийн илэрхийлэл биз ээ.

“Сүү” компаний гол нэрийн брэнд бүтээгдэхүүнүүд болох пьерпак савлагаатай “Миний Монголын сүү”, “Амтлаг тараг”, тетрапак савлагаатай “Сүү”, финпак савлагаатай хоёр төрлийн “Шинэ сүү”, хуванцар савлагаатай “Миний Монголын элгэн тараг”, “Миний Монголын зөөхий”, “Цэвэр цөцгийн тос”, “Жимстэй иогурт”, “Гэр бүлийн зайрмаг”, уутан болон цаасан савлагаатай “Хорхой ааруул”, “Бэнни Банни” чипсэн ааруул, аарц, гурвалжин болон торхтой сүүн зайрмаг, мөсөн зайрмаг,  “Найзууд”, “Пингвин”, “Аморэ”, “Үлмэдэх”, “Боргоцой”, “Спайдермэн”, “Эзэнгүй арал”, “Мөрөөдөл” зэрэг цөцгийтэй, шоколадтай, тарагтай зайрмагууд монгол айл бүрийн өдөр тутмын хэрэглээ болжээ.

Ямарч хүнд төрж өссөн газар нутгийнх нь хөрсөн дээр ургасан ургамал ногоо, тариа будаа, тэдгээрийг идэж уусан малын мах, сүү бие организмд нь эм шиг хэрэгцээт хүнс болж шингэдэг нь эрдэмтдийн өнө эртний туршилт судалгаагаар нэгэнт батлагдсан юм. Хасах 40-аас нэмэх 40 гардуст нүүр нь гэрэлтэж нүд нь гялалзаж, эрүүл цусаар хацар нь туяарч явдаг монгол хүний тэсвэр тэвчээр, тэнхээ тамирын гол нууц нь эрүүл хүнс хоолтой нь шууд холбоотой. Тиймээс ч Монголын балчир үрс эхийн сүүнээс холдож эрдмийн аянд дөрөөлөх хүүхэд насныхаа эхэнд,

Өргөн талын дээгүүр

Өлзийт сүрэг минь идээшилж байна

Өнгөт идээний дээж

Өтгөн сүү минь дэлгэрч байна... хэмээх шүлгээр “угжуулж” хүн болдог уламжлалтай билээ. “Ариун цагаан сүүн дээгүүр алхаж гарч болохгүй” хэмээн хүүгээ сурган сүүгээ дээдэлдэг монгол түмний сэтгэлийн ээдүүлж урмыг хугалж үзээгүй “Сүү” хувьцаат компаний тухай зурвасхан өгүүлэхэд ийм байна.

Б.Занданхүү

 


Монгол брэнд