top banner
Шуурхай мэдээ

Говьсүмбэр аймагт “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжинэ


2017-03-09 15:39:32
Зураг

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Энэ сарын 07-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид Говьсүмбэр аймгийн Төв Чойр хотноо зочилж  тус аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай уулзаж “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих  төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.

Хөтөлбөрийн хүрээнд Сүмбэр сумын ерөнхий боловсролын улсын лаборатори  тавдугаар сургуулийн 85 хүүхдийн багтаамжтай дотуур байрны гадна тохижилт, дотор талын зарим тасгийн  тохижилт, бялдаржуулах танхим, номын сан зэргийг засварлахаар болсон бөгөөд дээрх засварын ажилд нийт 168 сая орчим төгрөгийг төслөөр санхүүжүүлэх аж.

Дотуур байр нь 15 тасагтай. Үүний хоёрыг нь засварлаагүй учир огт ашигладаггүй байжээ. Дээрх  хоёр тасгийг засварласнаар дотуур байранд 100 хувь хүүхэд хүлээн авах боломжтой болох гэнэ.

986 сурагчтай тус сургууль нь Сүмбэр сумын хэмжээнд дотуур байртай  ганц сургууль бөгөөд Говьсүмбэр аймгийн ойролцоо нутагладаг Дундговь, аймгийн Баяндэлгэр, Өндөршил, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын отрын малчны хүүхдүүд дотуур байранд амьдардаг аж.

Засварын ажлыг энэ оны  дөрөвдүгээр сард эхэлж наадмын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  тавдугаар сургуулийн шинэ барилгыг барьж ашиглалтад оруулж байв.

Х.Эрдэнэбулган


Сурталчилгаа
Монгол брэнд