top banner
Шуурхай мэдээ

Жүдочид эхлэлийг нь тавилаа, үргэлжлүүлээд бокс, чөлөөт бөх...


2017-03-19 19:04:39
Зураг

Монголын эмэгтэй жүдо бөхийн анхны алтан хараацайн нэг болж их спортод 26 жил сэтгэл зүтгэл, бяр хүч, оюун ухаанаа зориулсан Монгол Улсын гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан 2017 оны 3 дугаар сарын 17-нд  “Аса” циркийн дэвжээн дээр амжилттай болов.

Д.Цэрэнханд гавьяатад хүндэтгэл үзүүлсэн энэхүү “Нэр хүнд, хүч чадал” хэмээх жүдо бөхийн холимог багийн халз барилдаан нь жүдо бөхийн спорт сонирхогчид болон хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөж, халуун талархал хүлээсэн төдийгүй шинэ залуу жүдочдын эрч хүч урам зоригийг сэргээж, өдөөсөн үзүүштэй, бахархууштай үйл явдал болсон гэдгээрээ онцлогтой байв.

Монгол Улс, монгол хүний нэр хүнд, ур чадварын үнэлэмжийг дэлхийн спортын ертөнцөд гаргасан амжилт, ялалтаараа өндөрт өргөж яваа манай шилдэг жүдочид энэ халз барилдаанд хүч, ур чадвараа сорьсон билээ. Анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд оролцогч тамирчид нэгэн сэтгэлээр амжилт өөд тэмүүлж, баг тамирчдын хариуцлага ухамсарыг тэргүүн эгнээнд хүргэх зорилготой “Хамтын хүч амжилт” уриан дор ийнхүү нэгдсэн юм.

Бээжингийн олимпийн V байр, 2007 оны ДАШТ-ий VII байрын шагналт, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Монгол Улсын 15 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Цэрэнханд энэ үдэш зодог тайлж, түүний багш дасгалжуулагч, баг тамирчид гавьяа зүтгэлийг нь үнэлж,  хүндэтгэл үзүүлж алдаршуулав.

Зодог тайлах ёслолын хамгийн сонирхолтой торгон агшин нь 50 сая төгрөгийн шагналын сан бүхий Монголын шилдэг жүдочдын халз барилдаан байв. Дэлхийд данстай монголын шилдэг жүдочдын бооцоот халз барилдааныг үзэхээр ирсэн үзэгчид “Аса” циркийн суудлыг дүүргэсэн байв. Өндөр бооцоот халз барилдаанд олимпийн аварга нэг, дэлхийн аварга гурав, олимпийн медальтан гурав, дэлхийн аваргын медальтан зургаан жүдоч хүч үзнэ хэмээн зарласан болохоор энэ халз барилдаан бөхийн спортыг дээдлэгч монголчуудын сонирхлыг татах нь аргагүй билээ. 

Тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчдаас бүрдсэн алдартнуудын баг нэг талд, харин нөгөө талын өрсөлдөгчид нь Олон улсын хэмжээний мастер болон шинэ үеийн төлөөлөл болох холимог багийн шилдэг жүдочид байлаа. 

Монголд анх удаа болж байгаа энэ халз барилдааны эхэнд эрэгтэйчүүдийн 66 кг-д Дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэгтэй хүчээ сорих тулаан байлаа. Тэд барилдааны үндсэн цагт хоёул адилхан базари үнэлгээгээр тэнцэж, улмаар нэмэлт цагт Г.Болдбаатар дахин нэг базари үнэлгээ авснаар өрсөлдөгчөө яллаа.

Дараа нь эмэгтэйчүүдийн 63 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ахмад жүдоч Ц.Мөнхзаяа, 2016, 2017 онд УАШТ-д дараалан түрүүлсэн шилдэг залуу тамирчин Б.Ганхайч нар халз туллаа. Хоёр бөхийн барилдаан эн тэнцүү, ач тач үзсэн ч хэн хэнээсээ оноо авч чадалгүй цаг сунгасан. Харин нэмэлт цагт Б.Ганхайч, туршлагатай өрсөлдөгчөө цэвэр ялж багийн оноог тэнцүүллээ. Энэ барилдааны дараа эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, 2017 оны УАШТ-д түрүүлсэн шилдэг залуу жүдоч Ж.Амарболд нар гурав дах халз барилдааныг хийхээр дэвжээнд гарч ирлээ. Хоёр бөх үндсэн цагт хэн хэнээсээ үнэлгээ авч чадаагүй бөгөөд нэмэлт цагт гавьяат тамирчин Д.Амартүвшин вазари үнэлгээ авч залуу бөхийг ялж, түүнд сургамж хайрлав.

Дөрөв дэх халз тулаанд 81 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар ДАШТ-ий V байрын шагналт, ОУХМ О.Ууганбаатартай халз барилдахаар гарч ирсэн юм. Тэд мөн л эн тэнцүүхэн хүч үзсээр үндсэн цагаа дуусгав. Нэмэлт цагт О.Ууганбаатар хашир аваргад даацтай мэх хийж унагахад дэвжээний шүүгч түүнд цэвэр ялалт /иппон/ заасан ч шүүгч нар зөвлөлдөж, вазари оноо өгч залуу жүдоч ялалт байгуулав. Ийнхүү багийн оноо 2:2 болж тэнцлээ.

Дараагийн халз барилдаан эмэгтэйчүүдийн 57 кг-д өрнөж Риогийн олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, “Чингис хаан-2016” Гран при тэмцээнд 17 насандаа түрүүлсэн залуу тамирчин Л.Энхрийлэн нар өрсөлдлөө. Хоёр бөхийн барилдаан ширүүхэн болсон ч хэн хэнээсээ оноо авч чадалгүй үндсэн цагийг дуусгасан юм. Харин нэмэлт цагт туршлагатай жүдоч Д.Сумъяа өрсөлдөгчөө цэвэр яллаа.

Зургаа дахь халз барилдаан Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг ОУХМ Ө.Дүүрэнбаяр нарын дунд болов. Ө.Дүүрэнбаяр, аваргаас өрсөж вазари үнэлгээ авч чадсан ч удалгүй адилхан вазари үнэлгээтэй болсон. Харин үндсэн цаг дуусахаас 3 секундын өмнө олимпийн аварга дахин нэг вазари үнэлгээ авч өрсөлдөгчөө ялсан юм. Тэрбээр дэвжээнээс буугаад сурвалжлагч нарт ярилцлага өгөхдөө “Энэ барилдааныг илүү сонирхолтой үзүүштэй болгохын төлөө хүчээ дайчлан, ур чадвараа гаргаж барилдахыг хичээлээ” хэмээн онцолж байсан юм.

Үнэхээр л жүдо бөхийн онцлог бүхнийг тодотгосон үзүүштэй, уран гоё мэх хийсэн энэхүү халз барилдаанууд нь үзэгч олны талархалыг хүлээж чадсан билээ. Сүүлчийн буюу долоо дахь халз барилдаан эмэгтэй жүдочдын хамгийн хөнгөн жингийн тамирчдын дунд өрнөлөө. Дэлхийн эмэгтэй жүдочдын 48 кг-д дэлхийд тэргүүлэгч шилдэг хоёр жүдоч болох дэлхийн аварга М.Уранцэцэг, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нарын халз барилдаан байсан юм. Эн тэнцүү тэдний барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Дэлхийн аварга М.Уранцэцэг вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялав. Энэ жингийн дэлхийн чансааг өнгөлж яваа хоёр хүчтэй өрсөлдөгч болох тэдний хоорондын барилдааны харьцаа 3:3 байсныг ийнхүү М.Уранцэцэг 4:3 болголоо.

Харин 50 сая төгрөгийн шагналын сан бүхий энэ удаагийн бооцоот халз барилдаан 5:2 гэсэн харьцаагаар олимп, дэлхийн медальтнуудын багийн ялалтаар өндөрлөж, хашир аваргууд туршлага, ур чадварын зангарагаа харуулав.

Тэмцээний үеэр олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлагаар худалдаж, Н.Түвшинбаяр аваргын өмсгөл 8 саяд хүрсэн бол Д.Сумъяагийн өмсгөл 3,6 сая төгрөгийн үнэ хүрсэн юм. Хэдэн жилийн дараа энэ түүх өгүүлсэн өмсгөлүүд улам л үнэд хүрэх нь гарцаагүй.  Дуудлага худалдаанаас бүрдсэн мөнгийг жүдочид эмэгтэй ууган гавьяат тамирчин Д.Цэрэнхандын гэр бүлд болон сайн үйлсийн аянд зарцуулна гэдгээ онцолж байлаа.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын санаачилсан тамирчин хүн, тамирчныхаа хөлс хүч, зүтгэлийг үнэлж, алдаршуулсан энэхүү хүндэтгэл болон  50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан нь манай спортын салбарынханд анхдагч болсон үйл явдал байсныг онцлох учиртай.

Биеийн тамир, спортын дэлхийд үнэлэгдсэн амжилт нь монгол хүн, эх орон, Монгол Улс, хүчирхэг үндэстэн гэдгээрээ бахархан омогших үлгэр жишээг манай жүдочид ийнхүү харуулж чадлаа. Бокс, чөлөөт бөх гээд олимп, дэлхий, тив, олон улсад нэрээ гаргасан спортын төрлүүдээс эхлээд бүх спортынхон үргэлжлүүлээд жүдочид шиг тамирчнаа алдаршуулж, үнэн хүч, ур чадварыг нь таниулж, дэнсэлсэн бооцоот тэмцээн, уралдаан олныг зохион байгуулах бизээ.

Д.Өлзий


Монгол брэнд