top banner
Шуурхай мэдээ

Завины дарвуулаас загварын ертөнцөд ирсэн брэнд “Урбан жийнс”


2017-03-30 11:17:26
Зураг

Америк тивийг анх нээсэн алдарт далайчин Христофер Колумб өөрийнх нь төрөлх  нутаг Италийн Генуя хотод бүтээгдсэн “Жийнс” хэмээх брэнд хожмоо Америкчуудыг хувцаслана гэдгийг төсөөлөө ч үгүй биз ээ.

Гэтэл Калифорны алт олборлолтын оргил үе болох 1850 онд Сан Франциско хотод ирсэн Германы цагаач залуу Levi Strauss дарвуулт завины хуучин материалаар уурхайчдад өмд хийх гайхалтай санаа олсноор  жийнсэн хувцасны эрин үе эхэлсэн юм. Өнөөдөр түүний үүсгэн байгуулсан LEVI'S компанийг дэлхий даяар мэддэг болжээ.

Италийн аж үйлдвэржсэн урд нутаг болох далайн эргийн Генуя буюу одоогийн бидний нэршлээр Женово хотынхны хөлөг онгоцны дарвуул хийдэг “Деним” гэдэг хатуу даавуу хожмоо хүн төрөлхтөний хувцас загварын ертөнцөд шуугиант хувьсгалыг хийсэн нь энэ. Далайчид, уурхайчдын ажлын хувцас байсан денимэн өмднүүд усанд угаагдах тусмаа цайрч гайхалтай өнгөтэй болж байсан нь загвар зохион бүтээгчдийн хараанаас мултарсангүй.

Лабораторид хийгдсэн судалгаанаас үзэхэд жийнсэн материалаар хийсэн ажлын хувцасны чийг дамжуулалт 20-33 хувь, үрэлтийн хүчийг тэсвэрлэх чадвар даавуунаас 3,7 дахин илүү, тоос тоосонцрыг нэвтрүүлдэггүй чанар нь даавуун материалаас 40-43 хувь өндөр, байгаа нь нотлогдсон байдаг. Тэгвэл монголчууд ажлын болон чөлөөт хувцасны зах зээл дээр өнөөдрийг хүртэл тэргүүлэх байр суурьтай явж ирсэн деним хэмээх энэхүү содон материалаар хийсэн үндэсний онцлогтой гоёлын хувцасны цоо шинэ брэндийг бий болгоод байна.

“Урбан жийнс” компани монголын үндэсний уламжлалт хувцас дээл, монгол цамц болон орчин үеийн дизайн, өвөрмөц шийдэл бүхий үндэсний загвартай тансаг жийнсэн хувцаснуудыг үйлдвэрлэн зах зээлд гаргасан нь хэрэглэгчдийн таашаалыг хүлээж байна. Жийнсэн материалаар хийсэн хувцас эдэлгээ даах чадвар сайтайн зэрэгцээ хуучрах тусмаа улам гоё харагддаг. “Урбан жийнс”-ний “Хүрээ” коллекци, өдөр тутмын хувцасны “Confidence in blue”, сонгодог болон тансаг стилийн “Цасан будраа” загварууд Монголын загварын хамгийн том наадам “Гоёл”-ын 2015 оны шилдэг загварын шагналыг хүртсэн юм. Сонгодог хувцас гэхээр олон нийт ихэвчлэн пиджак, костьюм, цув, пальтогоор төсөөлдөг. Тэдгээр нь голдуу нимгэн даавуу, силк, драпан материалтай байдаг. Тэгвэл “Денимон” компаний загвар зохион бүтээгчид жинсээр сонгодог пиджак, костюм хийснээрээ шинэлэг стилийг бүрдүүлж өгчээ.

Мода спираль буюу дахин эргэх ороомог маягаар хөгждөг гэдэг. “Урбан жийнс” яг одоо мода болоод байгаа 70, 80-аад оны буусан мөртэй стилийг загвартаа оруулж ирсэн нь ихээхэн онцлог болжээ. Дээр дурдсан “Цасан будраа” загвар нь 20-р зууны 80, 90-ээд оны том мөртэй сул хэлхгэр пальтонууд, гадуур хувцасны коллекц бөгөөд деним бүтээгдэхүүний өнгө цайралтын шинэ технологийг туршин нэвтрүүлж, уламжлалт хэвшмэл цайралтын технологийг шинэ түвшинд харуулснаараа онцлогтой юм байна. Ийнхүү цагаан, цэнхэр өнгөний хослолоороо цас бударсан өвлийг санагдуулахыг хичээсэн хэмээн “Урбан жийнс”-ний ахлах загвар зохион бүтээч Б.Нямсүрэн ярьж байлаа. Харин “Confidence in blue” классик стилийн загвар нь ажил хэрэгч залуусын жинсэн хослол юм. Мөн Б.Нямсүрэн цааш ярихдаа, “Бид Монголынхоо хувцас загварын ертөнцөд өөрсдийн чадах хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа. “Денимон” компанийн “Urban jeans” брэнд монголчуудаа хувцаслах соёлд байлдан дагуулах загвар гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ чиглэлээр улирал тутамдаа өөрсдийн шинэ коллекцоо танилцуулж, трэнд болгох, загварын чиг хандлагыг тодорхойлдог болох зорилго тавьсан” гэлээ.

Монголд жинсэн материал хийдэг үйлдвэр байхгүй учраас тэд Солонгос, Хятадаас материалаа татан авдаг гэнэ. Жийнсний түүхий эд болох деним нь нэлээд хар бараан өнгөтэй байдаг. Түүнийгээ боловсруулан хэрэглэгчдийн нийтлэг сонголт болох 3-4 өнгийг гарган авдаг ажээ. Арай цайвар, бүүр цайвар, цагаан, цагаан цэнхэр, цав цагаан гэх мэт өнгөтэй жийнсэн хувцаснууд тэдний үйлдвэрээс урсан гардаг юм билээ. Мөн үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь монгол хүний физиологийн онцлогт тохирсон "U" суулттай жинсэн өмднүүд юм. Мөн европ размерүүдийн уртыг монгол хүний өндөрийн хэмжээнд тохируулан гурван янзаар хийдэг гэнэ.

            Байгуулагдаснаас тавхан жилийн дараа буюу 2014 онд “Денимон” компани Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Шилдэг брэнд үйлдвэрлэгч” өргөмжлөлийг хүртжээ. 2015 онд “Гоёл” наадмаас “Шилдэг загвар”-ын шагнал хүртэж Монгол Улсын Ерөнхий сайд үйлдвэрт нь зочлон үйл ажиллагаатай нь танилцжээ. Харин өнгөрсөн жил тэднийх шинэ технологи оруулж ирснээр Монгол улс жийнсний угаалга цайруулалтын дэлхийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн 32 дахь орон болсон юм.

Хүмүүс нэг хэсэг жинс өмсөхөө болиод классик хэв маягийн хувцас сонирхож байсан бол сүүлийн үед эргээд трэнд болох хандлагатай байна. Ялангуяа “Urban jeans”-ийн загварыг залуус их сонирхох болжээ. Монголдоо жинсний загварын шинэ чиг хандлагыг тодорхойлж байгаа тус компани брэндийнхээ түвшинд хөгжиж нэр төрлөө олшруулсаар байна.

Денимон ХХК нь 2009 оны 5 дугаар сард байгууллагдсан бөгөөд Монгол оронд жийнсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын үүднээс Деним Монгол хэмээх нэрний хоршил болох “ДЕНИМОН” нэртэй компанийг гуравхан хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлснээр Монгол улсад жийнсэн хувцасны үйлдвэрлэл бий болгох эхлэл тавигдсан юм. Одоо тэд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад хүргэх зорилго тавин ажиллаж байна. Тэд одоо өмд, хүрэм , малгай, ороолт, цув, цамц, ажлын хувцас, цүнх зэргийг байнга үйлдвэрлэж, мөн загвар зохион бүтээгчдийн товчоо нь гадаад дотоодын онцгой захиалгуудыг хүлээн авч байна.


Б.Занданхүү


Монгол брэнд