top banner
Шуурхай мэдээ

Унгар дахь Соросын их сургууль хаагдахдаа тулжээ


2017-04-05 12:42:13
Зураг

ЛОНДОН. /BBC/. Унгарын парламент гадаадын их сургуулиудын талаарх дүрэм журмыг чангатгасан хууль баталлаа. Засгийн газраас санал болгосон хуульд, гадаадын их дээд сургуулиудыг өөрсдийн бүртгүүлсэн улсдаа сургалтын байгууллагатай байхыг шаардах ажээ.

Энэ хуулийн төсөл нь үнэн хэрэг дээрээ нэрт санхүүч, нигүүлсэнгүй үзэлтэн Жорж Соросын хөрөнгөөр байгуулагдсан Төв Европын их сургуулийн /СЕU/ эсрэг чиглэсэн хэрэг юм. СЕU нь АНУ-д бүртгэлтэй боловч тэнд сургууль байгуулаагүй аж.

Мөн энэхүү хуульд гадаадын их дээд сургуулиуд нь зөвхөн анх бүртгүүлсэн оронтой нь зохих гэрээ хэлэлцээрийг байгуулсны дараа Унгарт эрдмийн зэрэг олгож болохыг тусгаж өгчээ. Хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаалд ням гарагт болж, олон мянган хүн оролцсон байна. Нэг намт коммунист дэглэм нуран унасны дараа 1991 онд байгуулагдсан тус их сургуулийг өмгөөлөн хамгаалагчид "өнөөгийн эрх баригчдад тус их сургуулийн боловсролын үйл ажиллагааны либерал чиглэл хандлага таалагдахгүй байна" гэж мэдэгдэж байв.

Унгарын эрх баригчид болон СЕU хоёрын дунд үүссэн энэхүү үл ойлголцлыг Унгарын Засгийн газрын өөр бусад санаачилгатай адилтган үзэж байгаа аж. Энэ нь юуны түрүүнд Унгарын эрх баригчдын зүгээс дүрвэгсдийн хямралыг шийдвэрлэх асуудалд хандаж буй хандлагаар илэрч байгаа юм. Унгар улс дүрвэгч цагаачдыг тус улсад нэвтрэхийг хязгаарлах хатуу бодлого явуулдаг бөгөөд саяхан орогнол хүссэн бүх хүнийг заавал саатуулан хүлээлгэх тогтолцоонд шилжиж байгаагаа зарласан юм.

Ийм хандлага нь цагаачдад дэмжлэг үзүүлэхийг дэмждэг төрийн бус байгууллагуудын сүлжээ олонтой Унгар улсад шүүмжлэл дагуулах болжээ. Жорж Сорос хүний эрхийг хамгаалах байгууллагуудыг санхүүжүүлэх замаар цагаачид тус улсад олноороо ирэхийг дэмждэг, цагаачидтай  тулж ажилладаг байсан ТББ нь “гадаадын тагнуул”, Унгарын ашиг сонирхлын эсрэг ажилладаг байсан гэж Унгарын Засгийн газар мэдэгджээ.

Соросын санхүүжүүлдэг Оросын “Дэмжлэг”, “Нээлттэй нийгэм” сангууд нь сүүлийн 10 жилд эрх баригчдын анхаарлын төвд ороод байгаа юм. 2015 онд дээрх хоёр санг “таагүй байгууллага” гэж зарласан бол Соросын тэтгэлгийг авсан хүмүүсийн ихэнхийг нь "гадаадын тагнуул" гэж үзэх болжээ.

О.Барс

 


Сурталчилгаа
Монгол брэнд