top banner
Шуурхай мэдээ

Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани


2017-04-07 12:50:13
Зураг

Дэлхийд алдартай ХБНГУ-ын “Multivac”, “Textor” компаниудын хамгийн сүүлийн үеийн савлагааны тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Азийн анхдагч компани гэдгээрээ “Мах импекс””ийнхэн ихээхэн бахархдаг.

Монгол улсын ууган үйлдвэрийн нэг  тус компани өнөөдөр  100 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангадаг юм. Тэд  “Берлин” брэндийн шинэ хиамаа зах зээлд гаргахын тулд өнгөрсөн онд үйлдвэртээ технологийн шинэчлэл хийсэн билээ. Олон улсын  чанарын удирдлагын ISO 22000 тогтолцоотой тус компани хийн савлагааны тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулснаар бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг 40-60 хоног уртасгаж чаджээ. Бүтээгдэхүүнийг химийн болон гадны хольцгүйгээр, чанарын өндөр түвшинд хадгалдаг “Multivac”, “Textor” савлагаа ийнхүү нэвтэрснээр хэрэглэгчдийн сонголтыг хүндэтгэн бүтээгдэхүүнээ олон төрлөөр зүсэж, янз бүрийн хэмжээтэй савлах боломж бүрдсэн юм. Хүнсний будагч бодис болон бусад хольц баяжмалгүй, натурал хүнс болох “Берлин” брэндийн таван төрлийн хиамыг 200-500 граммаар зүсэн савлаж 60 хоногийн чанарын баталгаа өгсөн нь тус бүтээгдэхүүнийг зах зээлд ихээхэн эрэлттэй болгоод байна. Цаашдаа тэд импортоор орж ирдэг бекон зэрэг бүтээг­дэхүүнийг Монголдоо хийж, савлана хэмээн мэдэгдсэн.

“Multivac-R245” машин 100-500 граммаар цагт 300-1500 бүтээгдэхүүнийг хүнсний хийн тусамжтайгаар савладаг бол “Textor-TS500” хэмээх зүсэгч цагт 900 кг хүртэл бүтээгдэхүүн зүсэх хүчин чадалтай ажээ.  Дөрвөн төрлөөр хиам болон махан бүтээгдэхүүн зүсдэг юм байна. Герман Монголын бизнес эрх­лэгч­­дийн холбооны удир­дах зөвлөлийн дарга Герхард Вакенхүт биечлэн ирж  Монголд төдийгүй Азид анх удаа хосломол хэлбэ­рээр суурилуулсан савлах үйлдвэрийн машинуу­дынхаа батламжийг “Мах импекс” компанийн удирдлагад гардуулахдаа “Энэ бол маш зөв хөрөнгө оруулалт болсныг та бүхэн удахгүй мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм. Германы “Multivac” болон “Textor” компани нь угсралтын да­раахь үйлчилгээгээр бу­сад үйлдвэрлэгчдээс ялгар­дгийн зэрэгцээ дэлхийн 120 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, 80 улсад өөрийн төлөөлөгчтэй томоохон үйлдвэрлэгч юм.

Манайд ХБНГУ-ын “Multivac” болон “Textor” компанийн  хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулахад БНСУ-ын Бусон болон SNSS компанийн хамт олон туслан үйлдвэрийн дотоод бүтээн байгуулалтын НАССР стандарт хангасан орчинг бүрдүүлжээ.

            1946 онд анх байгуулагдахдаа герман технолгоор үйлдвэрлэлээ эхэлсэн энэхүү улсын үйлдвэрийн газар 1999 онд хувьчлагдан “Женко” компаний мэдэлд шилжсэнээр төрөл бүрийн хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бие даасан компани болон үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Хэрэглэгчдээ хаанд өргөмжилж, эрүүл ахуйн чанар стандартыг үйл ажиллагаандаа ягштал мөрддөг тус компани 2007 онд Австри, Германы LASKA, BASTRAMAT, TIPPER TIE, WEBOMATIC, VEMAG зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ шинэчилж байсан билээ.  Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах амт чанар, сав баглаа бүхий хиамыг дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой үр дүнтэй ажилласнаар жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатар түншлэл” үзэсгэлэн яармагаас 2000 онд “Нийслэл” утлагат хиам нь хүрэл медаль хүртэж, 2001 онд “Хөвч” чанамал хиам алтан медальт бүтээгдэхүүнээр шалгарч, 2004 онд “Аянчин” хагас утлагат хиам “Ард түмний хүнс” хэмээх шилдэг хүнсний бүтээгдэхүүний өргөмжлөлийг хүртсэн юм. Мөн өнгөрөгч онд ХБНГУ-д болсон олон улсын мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс “Мах импекс-ийн Хиам консервны үйлдвэрийн хамт олон “Нүүдэл” брэндийн бүтээгдэхүүнээр алтан медаль, “Дээжис” брэндээр мөнгөн медаль хүртжээ.

Мах импэкс ХК нь Монголын мах боловсруулах үйлдвэрүүдийн хамгийн том нь бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийслэл хотын мах махан бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэхээс гадна гадаадын улс орнуудтай экспорт импортын үйл ажиллагааг явуулдаг. Компани нь мал бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба одоогоор Монгол Улсын зургаан аймагт мал бэлтгэлийн салбартай. Хөдөөгийн салбаруудаар дамжуулан мал түүхий эд бэлдэж боловсруулдаг.

Мах боловсруулах үйлдвэр, Эмээлт, Налайхын мал нядалгааны үйлдвэр, Хиам консервын үйлдвэр гэсэн үндсэн үйлдвэрлэлтэй. Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт хоёр ээлжээр 8000  бог, 800 бод, 300 гахай нядалж түүнээс гарах 340 тонн тураг мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулан хөлдөөж хадгалах хүчин чадалтай. Хиам консервын үйлдвэр нь хоногт 40-өөд нэр төрлийн 15 тонн хиам, утлагат бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Тус компанид Герман улсын компьютержсэн автомат ажиллагаатай комплекс тоног төхөөрөмж бүхий итгэмжлэгдсэн сорилтын лаборатори  ажиллаж хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлох нитритийн спектрофотометр, спекол, ариутгалын ламинар бокс, өндөр нарийвчлалтай мокроскоп, электрон жингүүд зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториуд дотор хамгийн том багажтай анализын лаборатори ажилладаг. Хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүнд өдөр тутмын лабораторийн шинжилгээ хийж,  дүнг үндэслэн чанарын баталгаа олгож, үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд микробиологийн шинжилгээ тогтмол хийж байнгын хяналт тавьж ажилладаг тул манай компанийн бүтээгдэхүүнүүд чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартай хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцдэгээрээ давуу талтай юм.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын дизайн, өнгө үзэмж чанарыг сайжруулах талаар маркетингийн иж бүрэн төлөвлөгөөтэйгөөр ажиллан үр дүнд хүрч байна. Үйлдвэр нь хотын төмөр замын сүлжээнд мал,  түүхий эд, бараа материалын болон мах, бэлэн бүтээгдэхүүн ачиж буулгах зориулалтын салаа замуудаар холбогдсон, үйлдвэрлэлийг тасралтгүй хэвийн явуулах эрчим хүч, ус, дулааны хангамжийн найдвартай эх үүсвэр бүхий төвлөрсөн системд холбогдсон юм.

            Тэднийх Монгол Улсын ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1968 онд хуучнаар БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар өдөрт 15-20 тонн хиам, 30-40 мянган ширхэг консерв болон консервын лааз үйлдвэрлэж байжээ. Монгол улс зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээс хойш томоохон улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж эхэлсний жишгээр Махкомбинат нь 1992 онд төрийн өмч давамгайлсан “Мах импэкс” хувьцаат компани болж, 1999 оны 8 сард “Женко” корпораци нийт хувьцааных нь 71 хувийг худалдаж авснаар 100 хувь хувийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдсөн юм. Энэ үед бүтцийн өөрчлөлт, тоног төхөөрөмжийн хуучралт болон ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн аж ахуйн нэгж зах зээлд түрэн орж ирэх гэх мэт нэлээд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан зах зээлд дангаар ноёрхох байр сууриа алдсан байдалтай байсан ч техник технологийн шинэчлэлийг эрчимтэй хийснээр мах, махан бүтээгдэхүүнээр одоо Азидаа тэргүүлэгч үйлдвэр болоод байна.

“Мах импэкс” ХК нь 2011 онд энэ салбарт тэргүүлэгч Европын Холбооны улсуудын /Финлянд, Дани/ хамтарсан үйлдвэрийн “Cool-tek” брэндийн блоклон хөлдөөгч машиныг үйлдвэртээ суурилуулсан. Энэхүү блоклон хөлдөөгч машин нь хоногт 10 тонн махыг -400С-т гүн хөлдөөх хүчин чадалтай юм. Мөн махыг 57см урттай, 37см өргөнтэй, 16см зузаантай тэгш өнцөгт хэлбэрт оруулан хүнсний зориулалтын хайрцагт савладгаараа онцлогтой. Тус компани үндсэн түүхий эд болох үхэр, хонь, ямааны махаа л Монголоосоо бэлтгэдэг бөгөөд гахайн мах болон бусад бүхий л орц хольц, тэр байтугай хиамаа утдаг алимны модны үртэсээ хүртэл гадаадаас импортлон, хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт хүргэхийг зорьдог юм.

Б.Занданхүү

 

 

 


Сурталчилгаа
Монгол брэнд