top banner
Шуурхай мэдээ

Ж.Соросын их сургуулийг хаахыг эсэргүүцэгчид жагслаа


2017-04-10 13:38:50
Зураг

БУДАПЕШТ. /ВВС/. Унгарын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгийг хаалгаа барихад хүргэж байгаа хуулийг  хүчингүй болгохыг шаардан тус улсын олон мянган иргэд жагсаал хийлээ.

Засгийн газрын танилцуулсан шинэ журмаар бол, Төв Европын их сургууль(CEU) АНУ-д бүртгэлтэй учир төгсөгчдөд диплом өгөх эрхгүй аж.

Хүмүүнлэгийн үйлстэн Жорж Сорос тус их сургуулийг үүсгэн байгуулсан юм.

Ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес намынхны санаачилсан хуульд гарын үсэг зурахгүй байхыг нийслэл Будапешт хотод ням гарагт  болсон жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Янош Адераас хүссэн байна.

Жагсаалд 80 мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдэгдэв.

Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тус улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт дэмжсэн юм. Ингэснээр унгар гаралтай тэрбумтан, санхүүч бөгөөд хүмүүнлэгийн үйлстэн Жорж Соросын 26 жилийн өмнө үүсгэн байгуулсан Төв Европын их сургууль цаашид Будапештад үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

Тус их сургуулийнхан энэ хуулийн эсрэг тэмцэхээ илэрхийлээд байна.

Англи хэлээр хичээлээ заадаг тус их сургууль нь найман мэргэжлийн чиглэлээр дэлхийн 200 шилдэг  их сургуулийн тоонд ордог юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг дэмжигч Ерөнхий сайд В.Орбан болон Ж.Сорос нарын харилцаа таагүй байгаа аж. Унгарын улс төрд оролцож, Европ руу цувж байгаа цагаачдыг дэмжиж байна гэж Ж.Соросыг Д.Трамп шүүмжилж байсан юм.

Унгар орогнол хүсэгчдийн “бүслэлтэд ороод байна” гэж В.Орбан саяхан мэдэгджээ.

Тэрбээр Ж.Соросын сангийн тэтгэлгээр Харвардын их сургуульд сурч байсан аж.

Г.Доржханд

 

 


Монгол брэнд