top banner
Шуурхай мэдээ

АНУ-ын элчин сайд айлчилж байна


2017-04-20 18:48:18
Зураг
Увс /МОНЦАМЭ/ Аймгийн Төв номын санд Америкийн соёл мэдээллийн төв байгуулдаж буйтай холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт Увс аймагт ажлын айлчлал хийж байна. Түүнийг өчигдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан аймаг орон нутгийнхаа талаар мэдээлэл хийж, хоёр талын хамтын ажиллагааны тухай ярилцсан юм. Энэ үеэр элчин сайд Женифер Зимдал Галт Увс аймгийн оюутан залуусыг АНУ-д суралцуулах, мал аж ахуйн салбарт хамтарч ажиллах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн энэ жилээс АНУ-ын дэмжлэгтэйгээр Увс аймагт баригдах хоёр цэцэрлэгийн талаар аймгийн удирдлагуудад мэдээлэл өгчээ. Элчин сайд, хатагтай Галт өнөөдөр Аймгийн Төв номын санд байгуулагдаж байгаа Америкийн соёл мэдээллийн төвийн нээлтэнд оролцож, үг хэллээ. Тэр
бээр хэлсэн үгэндээ “Увс аймагт анх удаагаа ирж байна. Хоёр улсын хамтын ажиллагааны 30 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь Увс аймагт энэ төвийг байгуулах ажил байсан. Энэ төвөөр дамжуулан Увс аймгийн ард иргэд АНУ-ын талаар илүү өргөн хэмжээний мэдээлэл авч чадна гэдэгт итгэж байна” гэсэн юм. АНУ-ын элчин сайд Увс аймагт ажлын айлчлал хийж байгаа анхны тохиолдол нь энэ болж байна.
Америкийн соёл мэдээллийн төвөөр дамжуулан Увс аймгийн ард иргэд АНУ-ын сонин, сэтгүүл унших, “Америкийн тухай ярилцъя” цуврал лекцэд оролцох, Америкийн тухай DVD, видео кино, зурагтын нэвтрүүлэг үзэх, соёлын болон төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээндүүдэд хамрагдах, англи хэл сурах, үгийн сангаа дээшлүүлэх зэрэг өргөн боломж нээгдэх аж. Энэхүү төвийг АНУ-ын элчин сайдын яамны 23 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр байгуулсан байна. Тус төв нь англи хэлний ном сурах бичиг, компьютер техник хэрэгсэл гээд олон хэрэгцээтэй зүйлсээр хангагджээ. Өнгөрсөн гурван сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулсан бөгөөд 20 суудалтай уг төв нээгдсэн цагаасаа эхлэн ачаалал ихтэй байжээ. Энэ төвөөр дамжуулан Энх тайвны корпусын ажилтнууд болон Увс аймгийн англи хэлний багш нар иргэдэд англи хэл заах аж.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд