top banner
Шуурхай мэдээ

Монгол улсын оффшортой залгах дархан хил амар амгалан байг


2017-04-24 12:37:01
УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнө оффшор дахь данс, оффшор бүс  хэмээх  нэр томъёо газар авч улстөрчдийг намнах  хүчтэй зэвсэг болж байв. Харин шинэпарламентад 65 суудал авсан МАН, түүнийг соргогоор хүлээн авч, эхлээд Засгийн газрын хэмжээнд дараань парламентаар хууль баталлаа. Хууль баталсан гэдэг буруу нэр томъёог оффшорыг эсэргүүцэгчид хэрэглээд байгаа болохоос биш, бие даасан хууль батлаагүй. Хүчин төгөлдөр үйлчилж  байсан хоёр хуульд нэмэлт оруулсан юм.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д  УИХ хаврын чуулган эхэлсний дараа  буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд  ”Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт”  гэсэн зургаан заалтай нэгэн зүйл хэсэг  нэмлээ. Түүн дотор  “Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан болхолбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй”гэж тодорхой хэлж өглөө.
 Хуулийн дагуу нэр дэвшигчийг төрийн албанд сонгогдсон буюу томилогдсоноос хойш гурван сард багтаан оффшорт данс нээлгэсэн бол, түүнийг хаах, хөрөнгө байршуулсан бол татах, Үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа бол шилжүүлэх буюу худалдаад  30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэхээр болгов. Дээрх хуулийн энэ хэсгийг “Төрийн албаны тухай хууль”-д төрийн албан хаагч заавал хэрэгжүүлэхээр нэмэлт оруулсан юм. Нэг үгээр хэлбэл нэг хуульд оруулсан нэмэлтийг төрийн албан хаагч заавал  мөрдөх хоёр хуульд орууллаа. Ийм хууль, эрх зүйн орчинтой болсноор Монгол улс оффшорчидтой тэмцэх эрх зүйн акттай болж байгаа юм. Хуулийг хил хязгаар гэж үзвэл Монголын төр, эргийн гадна орших оффшортой  залгах торгон хилтэй болж байгаа юм. Хилийн харуул,  хамгаалалт ямар байх нь тухайн ажлыг хариуцан хэрэгжүүлэх, үүрэгтэй төрийн тангараг өргөсөн албан хаагчдад ноогдоно. Тэдний үйл ажиллагаанаас энэхүү хилийн амар тайван, цэвэр аруин байх явдал их хамаатай болж байна.
Дэлхийн оффшорт 2015 онд 34 их наяд ам.доллар байсан. Тэнд байгаа энэ мөнгө бол манай гаргийн нийт мөнгөний 1/3 нь. Түүний 11,5 их наяд нь зартай баячуудын мөнгө гэж эдийн засагч И. Цэрэнхүү бичсэн байна.
Аливаа улс орны эрх зүй стандартад, зохицуулалтаас гадуур эргээсээ халин урсаж байгаа их  хөрөнгө, мөнгөний гүйлгээг оффшор гэдэг. Тэрхүү байх ёстой голын голдирлоороо гадуур хяналтгүй урсах, их мөнгөн хөрөнгийг өөрийн зохицуулалтаар хянан орлого олж байгаа компаниудыг  оффшор бүс гэж ойлгодог .
Аливаа зохицуулалтгүй зүйл бол маш том хардалт араасаа  дагуулдаг. Тэр нь даамжраад архаг хууч өвчин болдог. Эрх зүйн зохицуулалтгүй үед манай улсаас оффшор бүсэд 17 тэр бум ам. доллар орчихсон байна гэж дээр доргүй ярьсан. Энэ  бол тооцоо судалгаагүй амнаас ам дамжин  цацагдсан мэдээлэл. Ямарч худал үгийг мянга дахин давтах юм бол үнэн болдог” гэж монголчууд ярьдаг. Түүнтэй нэгэн адил оффшорт манай  17 тэрбум ам. доллар орчихсон байна гэдэг мэдээлэл албан мэдээлэл болон хувирахад бэлэн болоод байна.
Гэтэл манайх  жилдээ 10 тэрбум ам. доллар эргэлддэг эдийн засагтай орон, энэ байр сууринаас авч үзвэл тэнд ийм их  хэмээний, бүр түүнээс их мөнгө  тэнд байх магадлал тун бага. Харин зарим  эдийн засагчид ойролцоогоор Монголоос оффшорт зургаа орчим тэрбум ам. доллар урсан оржээ гэсэн албан бус тооцоо хийсэн байх юм.
Монгол улс энэ парламентийн өнгөн дээр эргийн гадна орших,оффшортой залгах хилийн бүсийг тогтоож авлаа. Тэрхүү  хил, хязгаар  дархан амар амгалан, тайван байг ээ. Одоо хил зөрчвөл, хууль үйлчилнэ.

Г.Эрдэнэбат
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд