top banner
Шуурхай мэдээ

Уул уурхайн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэнэ


2017-04-26 15:31:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 04-нд Орхон аймагт “Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулган” зохион байгуулна.

Чуулганы талаар өнөөдөр УУХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон холбогдох албаныхан мэдээлэл хийв. “Өчигдөр-Өнөөдөр-Маргааш” уриан дор болох энэхүү чуулганыг УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” хамтран зохион байгуулах юм. Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УУХҮ-ийн сайд, Улсын их хурлын гишүүд болон салбарын эрдэмтэн судлаачид оролцож, өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт гарсан дэвшил, алдаа дутагдал, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэх юм. Мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн удирдлагууд оролцох аж. Чуулганаар яригдсан гол асуудлуудыг шинээр боловсруулж буй Уул уурхайн тухай хуульд тусгах аж.

Уул уурхайн салбарын Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн 95 жилийн ойн хүрээнд “China Mining”олон улсын үзэсгэлэнд оролцох, “Дисковер Монголиа-95” хөрөнгө оруулагчдын чуулган болон уурхайчдын ажил, мэргэжлийн тэмцээн зохион байгуулах, түүхэн баримтат кино, гэрэл зургийн цомог бүтээх зэрэг ажлыг хийх юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд