top banner
Шуурхай мэдээ

Тэдэнд ялалт чухал биш


2017-04-26 16:35:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Эргэн санацгаая 


“Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг” зэрэг шоу нэвтрүүлгүүд эхэлсэн цагаасаа үзэгчдийн ярианы халуун сэдэв болж Монголын мянга мянган хүмүүсийг дэлгэцийн өмнө уях болсонтой хэн ч маргахгүй. Мэдээж тус нэвтрүүлгүүдийг Монголчууд өөрсдөө санаачилж хийгээгүй ч улс орон бүхэнд зохиогдох болсон. Ямартаа ч манай орны телевизийн ертөнцөд тайз, зохион байгуулалтын хувьд цоо шинэ өөрчлөлтийг хийж чадсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Өнгөрсөн жил тэсрэлт хийн гарч ирсэн эл шоу үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлгүүдийн нэг. Монголын урлагийн одууд гадны алдартай дуучдын дүрд хувиран дууг нь амилуулж үзэгчдийг гайхшируулахаас гадна тэдэнд инээд хөөр бэлэглэдэг билээ. Тус шоуны анхны ялагчаар дуучин П.Баярцэнгэл өнөө цагийн попын хаан гэж нэрлэгдээд буй Бруно Марсыг итгэхийн аргагүй адилхан дуурайж шалгарсан удаатай.

Харин энэ жилийн “Яг түүн шиг” шоуны дөнгөж дөрөвхөн дугаар үзэгчдэд хүрээд буй. Тус шоу хуучраагүй, шинэлэг хэвээрээ байгааг цахим ертөнц дэх шоуны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс харж болно.

Хүлээлт тайлагдав

“Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг - 2” шоуг үзэгчдэд дахин хүргэж эхэлсэн бөгөөд удаан хүлээсэн хүлээлт ийнхүү тайлагдав. Долоо хоног бүрийн ням гарагт “Боловсрол” телевизээр хүрч буй “Яг түүн шиг-2” шоу эхний хоёр дугаараас эхлэн ширүүхэн өрсөлдөөн дунд өрнөж байна.
Хоёр дахь удаагийн шоуны нээлт "Салм" паб ресторанд болж, оролцогчдыг зарласан юм. Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нар оролцож байна.

Харин тэдний үзүүлбэрт мэргэжлийн үүднээс үнэлгээ, дүгнэлт өгөх шүүгчийн бүрэлдэхүүнд жүжигчин Г.Онон, Г.Ундармаа урлаг судлаач, хөгжмийн зохиолч Б.Наранзун нар багтжээ.Тус шоу эхний дугаараас авахуулаад л үзэгчдийн дунд дахин шуугиан дэгдээж, хамгийн чухал ярианы сэдэв болж хувирав.

Шоуны анхны дугаарын салхийг хагалан дуучин А.Хишигдалай тайзнаа Адель  болон гарч ирсэн юм. Мөнхүү дуучин Г.Мэнд-Амарын намуухан хоолой нь Виктор Цойгийн дууг дуулахад төгс зохицож байв. Жаахан хөвсгөр үстэй л болохоос бус тэр яг л алдарт дуучин Цой байж чадсан. Эхний нэвтрүүлгийн үеийн жинхэнэ ялагч нь Т.Бархүү байлаа. Тэрээр “яг Т.Дэлгэрмөрөн шиг” байж, дуулж, тайзыг өөрийн болгож чадсан учраас шилдгээр шалгарч, гурван сая төгрөгийн эзэн болсон.

Мөнхүү “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэсэн хэвээр байгааг уншигчдад дуулгахад таатай байна.

Дахин хэлэхэд хүлээлт ийн тайлагдлаа. Гэвч дугаар бүр нь шинэ хүлээлтийг бий болгодог тус нэвтрүүлгийн үнэнч үзэгчид долоо хоног бүрийн сүүлчийн өдрийг өөрт нь бэлэглэсэн хамгийн сайхан цаг хугацаа гэж бодох биз ээ.

“Яг түүн шиг”-ийн баатрууд

Дугаар бүрт өөрийгөө бүрэн дайчилж, үзэгч фенүүдээс хамгийн өндөр оноог авдаг оролцогч бол Т.Бархүү. Үүн дээр С.Гантогоо нэмэгдэнэ. Тэд дугаар бүрт өөрчлөгдөж чадвар нь улам ахисаар буй. Сүүлчийн дугаарын шилдэг оролцогчоор жүжигчин Т.Бархүү шалгарч хоёр дахь удаагаа нэвтрүүлгийг тэргүүлсэн юм. Тэрээр анхны дугаарын ялагч болж байсан бөгөөд энэ удаад дахин ялалтаа баталгаажуулан өөрийгөө чадварлаг болохыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан. Түүний энэхүү үзүүлбэрийг гүйцэтгэхэд “дуучин Г.Ганхүү гитараа авч ирж, зөвлөгөө өгсөн” хэмээн тэрээр ялагчийн тавцан дээрээс баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Оролцогч Г.Ганхүүгийн уриа үг “Ялах нь чухал биш оролцох нь чухал 1940, 1950, 1960 оныхоны төлөөлөл". Тэрээр өмнөх дугаарт алдарт дуучин Бруно Марсын 60 настайдаа ямар байхыг тайзнаас үзүүлсэн нь нэлээдгүй шуугиан тарьсан. Дугаар бүр дээр дуулалтын хувьд хэн ч түүнтэй маргадаггүй гэж хэлэхэд болно. Түүний үзүүлбэрийн тухай шүүгч Б.Наранзун "Ямар үлгэр дуурайлалыг хойч үедээ үзүүлээд байна даа. Гайхуулж ханахгүй юм. Ганхүү Бруно Марстай ижил болсон үгүйг 20 жилийн дараа харах үлдлээ. Дуулалт болон энтертаймент тал дээр та бүхэнд таалагдсан гэж бодож байна" гэсэн бол шүүгч Х.Оюунбилэг “Бруно Марс жаахан жин нэмээ юу даа. Чи бол манай үеийнхний баатар" хэмээн магтсаныг бүгд мэдэж байгаа.

Өөр нэг зүйл бий. Үзэгчид шоу эхлэхээс өмнө А.Хишигдалайгаас олон зүйлийг хүлээж байсан. Гэтэл хаана ч “өөрийнхөөрөө” байж чаддаг өвөрмөц хоолойтой дуучин маань сэтгэлд хүрсэн нэгээхэн ч үзүүлбэр үзүүлсэнгүй гэх үзэгчид олон. Харин Б.Халиуныг үзэгчид төдийлөн тоохгүй байсан ч тэрээр бие сэтгэлээ бүрэн дайчилж чадварлаг дуучин болохоо харуулаад авсан төдийгүй Монголын рок попын ертөнцөд 90-ээд оноос хойш гялалзаж явсан Сэрчмээг “Яг түүн шиг”-ийн тайзан дээр гайхмаар адилхан амилуулж шилдгээр шалгарсан удаатай.

Хэн ч уйддаггүй, залхдаггүй телевизийн шоуны нэр бол “Яг түүн шиг” гэж үзэгчид нь итгэл дүүрэн хэлэх биз ээ. Оролцогчид маань өөрсдийгөө бүрэн төгс хувиргаж чадах “дүр”-ийг хүлээж улам л хурцлагдсаар байна. “Алтан баззер” дарах мөч удахгүй ирэх амралтын өдөр болно. Үзэгч, оролцогчид догдолсоор... Ийнхүү шоу үргэлжилж байна. Тэдэнд ялалт чухал биш. Хамгийн гол нь үзэгчдийг зугаацуулах, инээд хөөр бэлэглэхэд  л бэлэн байх хэрэгтэй.
 
Б.Алтанхуяг

Сурталчилгаа
Монгол брэнд