top banner
Шуурхай мэдээ

Эрх баригчдын эргэлзээ, сөрөг хүчний сөргөлдөөн


2017-04-28 15:44:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-д 65 суудалтай эрх баригч МАН Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ихэд эргэлзэж байгаа нь ажиглагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригчид эргэлзэж байгаа нь ганц энэ удаагийнх ч биш. МАХН нэртэй парламентад 70 суудалтай байхдаа,1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ихэд эргэлзэж байгаад алдаж байсан удаатай.
Тухайн үед АИХ-ын чуулганаас тус намаас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр  сонгогдон ажиллаж асан П.Очирбатыг намынхаа бага хурал дээр унагаж Монгол Улсын хөдөлмөрийн баатар  зохиолч Л.Түдэвийг гаргаж ирж өрсөлдүүлсэн юм. Харин намаасаа нэр дэвшиж чадаагүй, П.Очирбатыг ардчилсан хүчин газар хүргэлгүй шүүрэн авч нэрийг нь дэвшүүлэн амжилтад хүрсэн билээ.

Ардчилсан хүчнээс нэр дэвшсэн П. Очирбат сонгогчдын  56 хувийн санал, МАХН-ын нэр дэвшигч Л. Түдэв 38 хувийн санал авсан байдаг. Энэ бол тухайн үеийн  эрх баригчид эргэлзээгээ эрт тайлаагүйгээс үүдэн гарсан алдаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг байв. Бас л том сургамж юм даа.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН-аас УИХ-ын дарга намын дарга М.Энхболдыг нэр дэвшинэ гэж эртнээс иргэд таамаг дэвшүүлсэн. Гэвч намынх нь нөхөд хараахан санал нэгдээгүй байгаа бололтой. Өөр хүмүүсийн нэр энд тэнд яригдсан байна. Намын гишүүд нь гарын үсэг зураад Ө.Энхтүвшингийн нэрийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүл хэмээн удирдлага даа шаардлага хүргүүлж байх жишээтэй. “Сант марал” төвийн судалгаагаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн рейтинг хамгийн өндөр гарлаа. Б. Бат-Эрдэнийн хувьд  Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд намаасаа нэр дэвшээд унасныг хүмүүс сайн мэднэ. Өвдөг шороодсон нэгнийгээ өрөвддөг монгол хүний раншин энд гарлаа гэж хэлж болно. Энэ бүхэн бол эрх баригчид эргэлзээгээ тайлж чадаагүй  байгааг нотлох болов уу. Эрх баригчид эргэлзээгээ тайлж чадахгүй, Ерөнхийлөгчийн сонгуультай золгож алдаа гаргасныг дээр дурдсан билээ. Эрх баригчид энэ удаа  эргэлзээгээ эрт тайлж чадаагүй урьд нь гаргасан алдаагаа давдах вий  гэж улс төрийн хүрээнийхэн болгоомжилж  байна.       

Парламент дахь сөрөг хүчин есөн суудалтай Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ.   Нэр дэвшинэ гэдгээ лидерүүд нь мэдэгдсээр байна. Одоогийн байдлаар  арав гараад явчихлаа. Энэ бол үйл ажиллагаа намын ретингээс илүү тэдний настай холбоотой гэж хэлж болно.

Ерөнхийлөгчийн 1993 оны сонгууль болоход хуульд заасан 45 нас хүрсэн улстөрч  Ардчилсан хүчинд байгаагүй. Р.Гончигдорж УБХ-ын дарга, Монгол Улсын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч 40 настай байжээ. Гэтэл хуульд 45 гээд нас заачихсан байв. МАХН-ын бага хурал дээр өвдөг шороодсон П.Очирбатыг ардчилсан хүчин  тосон авч нэрийг нь дэвшүүлж амжилтад хүрч байсан жишээг дээр дурдсан билээ. Ялгаагүй Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуульд  хуульд заасан насанд  хүрсэн унаган улстөрчгүй тул мөн л П.Очирбатаар ээлж өнгөрөөсөн. Өнөөдөр бол Ардчилсан намын лидерүүд нь бүгд 45-аас дээш настай болжээ.

Ардчилсан намын хувьд дотоод сонгуулиараа нэр дэвшигчээ тодруулна гэж байгаа. Гэхдээ гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг ҮБХ, Их хуралд  оруулж эцийн шийдвэр гагана гэсэн байрь суурьтай байна.

Дотоод сонгууль гэдэг дотоод мөн чанар руу нь нэр дэвшигчид сайн өнгийн харж өнгө төрхөө тодорхойлохгүй бол бусдын зууш, тодорхой хэлвэл өрсөлдөгчийнхөө  тоглоом болох сул талтай. Энэ бол нэрээ дэвшүүлээд байгаа арав гаруй Ардчилсан намын улстөрчдийн   гаргаж болохгүй  алдаа.

Нэрээ дэвшүүлэгчдийн одоогийн үйлдэлийг өрсөлдөгчид нь сөргөлдөөн болгож нийгэмд харуулахын төлөө хичээх болно. Түүнд нь итгэх вий дээ гэсэн болгомжлол нийгэмд байна.  Ер нь цаашдаа хооронд нь яс хаяна, цав суулгах олодлого өрсөлдөгчдөөс нь хийх магадалтай. Дотоод сонгуулийн сунгааг гаднаас нь хатгана, халтартуулна. Суурийг нь тавиад өгөхөд, цааш нь аваад явах өрсөлдөгчид бэлэн шүү дээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий гурван субьект бий. Түүнээс хоёрынх нь тухай авч үзэхэд ийм байна. Тэгээд ч сонгуулийн гол өрсөлдөөн  эрх баригч МАН , сөрөг хүчин Ардчилсан намын хооронд болно.  Ээлжит сонгууль хаяанд ирчихээд байхад, эрх баригчид  эргэлзээгээ тайлаагүй, сөрөг хүчнийхэн хоорондоо сөргөлдөх янзтай байна. 

Одоогийн байгаа улс төрийн нөхцөл байдал дээрх хоёр улс төрийн хүчинд  хэн хэнд нь эерэг үр дүн авч ирэхгүй болов уу.      
 
Г. Эрдэнэбат

Монгол брэнд