top banner
Шуурхай мэдээ

Сү Шяопин: Хөрөнгө оруулалт татья гэвэл хоёр талын ашгийг хардаг сэтгэлгээтэй болох нь чухал


2017-05-01 11:07:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол улсын засгийн газар, БНХАУ-ын Үхань хотын Хуажун ШУТИС-ийн дэргэдэх Эдийн засгийн институттэй хамтран Монгол ,Хятадын хамтын ажиллагааны хөгжлийн судалгааны төвийг байгуулсан билээ.  Тус төвийн тэргүүн профессор Сү Шяопиныг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцав.

-Төвийнхөө  талаар товчхон танилцуулна уу?

-2016 онд манай сургуульд нэгдүгээр зэрэглэлийн Монгол-Хятадын хамтын ажиллагааны судалгааны төвийг байгуулах үүрэг өгсөн. Энэ нь жирийн нэг судалгааны төвийг бодвол зэрэглэлийн хувьд өндөр.
Учир нь хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг авч үзэж судлах юм. Өнөөгийн байдлаар боловсролын салбарын хамтын ажиллагааг өрнүүлж, танай улсын Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр бид тус хүрээлэнд жилд дунджаар 1-2 судлаач бэлдэж өгөх юм. Хугацааны хувьд гурван  жил дараалж богино хугацааны сургалт явуулах юм. Түүнээс гадна эрдэм шинжилгээний ажил хамтран хийх юм.

-Ирээдүйд ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Бид цаашдаа бусад төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Түрүүчээс нь хэлэхэд, танай улсын Эрчим хүчний яамны  ажилтнуудад богино хугацааны сургалт явуулах гэж байна. Сургалт, байр, хоол унд гээд бүх зардлыг Хятадын засгийн газраас дааж байна.  Одоогийн бакалавр, магистр, докторын тэтгэлэгтэй ижил. Учир нь манай институтын багш судлаачдын мэдлэг, судалгаа хийх  туршлага арвин юм.

-Судалгааны төв байгуулсны ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Хятад, Монголын боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, улс төр, эдийн засаг, худалдааны талын хамтарсан судалгааны ажлыг  улам нягтруулах, ингэснээр хоёр орны хамтын ажиллагааны харилцан нөхөх чадварыг дээшлүүлэх юм. Ингэснээр бүх талын хамтын ажиллагааг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Та мэргэжлийн эдийн засаг судлаачийн хувьд Монгол орны өнөөгийн байдлыг хэрхэн харж байна вэ? Хямралаас хэрхэн гарах вэ?

-Хэрэв Монгол орон эдийн засгаа түргэн сэргээе гэвэл хөгжлийн сэтгэлгээний аргачлалаа өөрчлөх хэрэгтэй. Мөн улс хоорондын харилцаа, ялангуяа хөрш Хятад оронтой харилцах харилцааг бас анхаарах хэрэгтэй. Хятадын нэг ийм зүйр үг байдаг "Холын хамаатнаас ойрын хөрш илүү” гэж. Монголчууд угийн их потенциалтай, агуу үндэстэн. Түүхэндээ ч гялалзаж явсан үе бий.

-Яагаад өнөөгийн байдалд хүрсэнийг судлаачийн хувьд юу гэж үзэж байна вэ?

-Асуудлын гол нь танай улсын бодлогын нээлттэй байдал нь тийм ч хангалттай биш. Гадны хөрөнгө оруулалтыг татья гэвэл юуны түрүүнд хоёр талын ашгийг харж үздэг тийм сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Зөвхөн өөрийн орны нэг талын эрх ашгийг бодож болохгүй. Тиймээс зарим ашиг сонирхлыг хувааж сурах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын бодлогоо боловсруулахдаа хүртэл олон улсын жишиг дүрэмд нийцүүлээгүй. Түүнээс гадна Хятад улсын өнөөгийн "Нэг бүс, нэг зам" бодлогыг ашиглах хэрэгтэй.Түүний Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкаас нийлүүлж буй хөрөнгө оруулалтыг  дэд бүтцийн бүтээн байгуулалтад ашиглах боломжтой. Дэд бүтэц бол улс орны чухал салбар. Танай зам тээвэр, авто замын хөгжил нэлээд хоцронгуй, өртөг, үр ашиг нь ч нэлээн доогуур. Тиймээс Хятад улсын өнөөгийн боловсронгуй болсон хурдны зам барих туршлага, түүний дотор өндөр хурдны галт тэрэг бас орж байгаа юм. Америкчууд хүртэл өөрсдийн хийсэн галт тэрэг нь Хятадынхыг гүйцэхгүй гэж үздэг. Тиймээс Хятадын  хурдны галт тэргийн технологи нь дэлхийд номер нэг болоод байна. Тэгэхээр монголчууд бидний энэ туршлагаас суралцаасай гэж хүсч байна. Бас нэг ийм үг бий. "Баяжья гэвэл замаа зас" гэж. Яагаад гэвэл зам харилцаа байхгүй бол бусад хөгжлийн асуудлыг яриад ч хэрэгггүй. Бидэнд хангалттай их хөрөнгө, баялаг туршлага бүхий мэрэгжлийн боловсон хүчнүүд байна. Хятадын засгийн газар ч монгол улстай харилцаагаа улам сайжруулахыг их хүсч байна. Монголын засгийн газар бусад орны нөлөөнд автдаг л байх, гэхдээ аль эрх ашиг нь илүү чухал вэ гэдгийг сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд эхлээд эдийн засаг, бүтээн байгуулалтаа цогцлоож байж л ард түмний амьдрал дээшилнэ, бусад нь хоёрдугаарт тавигдах асуудал юм гэж боддог. Өнөөдөр тийм ч учраас Америк, Европын хөгжингүй орнууд Хятадын эдийн засгийн менежментийн туршлагыг хүлээн зөвшөөрч байна.
Танай орон байгалийн баялаг арвинтай. Харин манай Үхань хотын Ган төмөрлөгийн хүнд үйлдвэрт хүдэр, тэр дундаа зэс зэрэг уул уурхайн түүхий эд их шаардлагатай байдаг. Гэх мэт ингэж л харилцан бие биенээ нөхөж хамтран ашиг хүртэх хэрэгтэй. Иймээс улс, аймаг муж, хот, сургуулиуд ч  хоорондоо эдийн засгийн хамтын ажиллагаагааг бүх талаар хөгжүүлэх боломжтой. Энэ жил манай Үхань хот Улаанбаатар хоттой эгч дүү хот болох харилцааг эхлүүлж байна. Тэгэхээр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь хоёр талд хоёуланд нь ашигтай.
 
Б.Мөнхтуул 

Сурталчилгаа
Монгол брэнд